“Монгол улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрт бизнес эрхлэгчдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-д өнөөдөр зохион байгуулагдлаа.
Евразийн эдийн засгийн холбоонд Орос, Беларусь, Армени, Казахстан, Киргизстан гэх таван улс багтдаг.
Дээрх таван улсыг 100 хувь гэж үзвэл
Чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь Евразийн холбоонд элсэх асуудал биш, бие даасан худалдааны хэлэлцээр байгуулах асуудал гэдгийг Эдийн засаг, хөгжлийн яамныхан хэлж байлаа.
Тэгвэл Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсууд болон Монгол улс хоорондын чөлөөт худалдааны түр/завсрын гэрээг хойшлуулах, зогсоох тухай шаардлагыг хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөөллүүд гаргасан байна.
Энэхүү чөлөөт худалдааны талаарх байр суурийг “Хүнсний хувьсгал” ТББ-ын дэд тэргүүн Т.Мөнхтөрөөс тодруулснаа хүргэе.
Тэрбээр хэлэхдээ "Бид бүхний мэдэж байгаачлан эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуйн салбар бол улс орны эдийн засаг, аюулгүй байдал, оршин тогтнох үндэс юм.
Тэртээ тэргүй Монголын эрчим хүчний салбар ОХУ-аас хамааралтай. Энэ салбар одоо дүүрсэн хэрэг гэж бодъё. Харин бид хүнсээ хаяж огт болохгүй.
Манайх "Атрын гуравдугаар аян" эхлэхээс өмнө тариалангаа олигтой хийж чаддаггүй, өөрсдийн улаан буудайн хэрэгцээний 20-30 хан хувийг л хангадаг байсан. Тэр үед Орос улс "танайд экспортлохгүй" гэж хэлбэл Монгол улс гурилгүй болох эрсдэлтэй байлаа.
Эдийн засаг, хөгжлийн яамны дарга нар чөлөөт өрсөлдөөн хий гэж бидэнд хэлж байна. Үнэндээ Орос чөлөөт худалдааны орон биш.
Дэлхий дээр хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээрээ хамгийн хүчтэй гурван орон болох
Монгол улсынхаа хүнсний салбарыг унагаах оролдлого гэж бодож байна.
Оросын хөдөө аж ахуйн компаниуд төрөөсөө маш их хэмжээний татаас авч ажилладаг. Хөрөнгө оруулалтынх нь 50-80 хувь нь улсаас өгөх татаасаар босож байсан.
Тэд улсаасаа тээврийн татаас ч авдаг. Тиймээс ч Москвад байгаа үнэ, Улаан-Үүдэд байгаа үнэ адилхан байдаг. Яагаад гэвэл улсаас нь тээврийн зардлыг нь өгчихдөг. Ийм хүчтэй дэлхийн олигархи компаниудтай болчихсон.
Дөнгөж саяхан л Монгол улс хөнгөлөлттэй зээл өгч эхэлсэн. Бид улсаас татаас авдаггүй шүү дээ.
Манай хүнс, хөдөө аж ахуйн салбарыг улсаас маш их дэмжлэг авдаг гэж ярьдаг ч бодит байдал тэс өөр.
Сүүлийн үед Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд бага зэргийн хөнгөлөлттэй зээл өгдөг болсон. Гэхдээ тэрийг он удаан жил үйл ажиллагаагаа явуулсан ашигтай компаниуд л авдаг.
Эхнээсээ хөл дээрээ босох гэж байгаа компаниудад ямар ч тусламж байдаггүй. Ийм хүнд нөхцөлд дөнгөж хөл дээрээ босох гэж байгаа Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан дэлхийн том олигархи тэрбумтан болчихсон компаниудтай өрсөлдөх нь худлаа" гэлээ.
Үргэлжлүүлэн дараах байр суурийг илэрхийлсэн юм.
1-2 жил ийм байдлаар явбал манай дотоодын хүнсний салбарынхан дампуурах нь ойлгомжтой. Яагаад гэвэл 830 гаруй тэрбум төгрөгийн хүнсний хувьсгалын хүрээнд авсан зээл байгаа. Тэр зээлээ ААН-үүд төлж чадахгүй болно.
Банкууд улсаасаа татаасаа авдгаараа аваад л амьдарна. Хувийн хэвшлийн манай хүнсний үйлдвэрлэлийн ААН-үүд дампуураад дуусчихна.
Бүгд шүүх хуралд очоод суух нь ээ. Цаашилбал улаан буудай боловсруулдаг гурилын үйлдвэрүүд дампуурах эрсдэлтэй байна. Оросууд гурилыг маш хямдхан гаргадаг.
Сүү, сүүн бүтээгдэхүүн Орост манай улсаас хоёр дахин хямдхан байна. Улсаасаа татаас авч ийм хүчтэй ажиллаж чадаж байна шүү дээ.
Хэрэв Оросоос чөлөөт худалдаа орж ирвэл манай сүү боловсруулах компаниуд бүгдээрээ дампуурна. Саалийн фермүүд бүгдээрээ дампуурна. Саалийн ферм гэж Монгол улсад байхгүй болно.
Мөн Орост үхрийн махыг ч их хэмжээгээр үйлдвэрлэдэг болчихсон байна.
Хониныхоо махыг ч Иран руу экспортлох гэж төслүүдээ явуулж байна. Манай улсад Оросоос хямд мах орж ирвэл манай малчдын зуд турхан, байгалийн гамшгийг даван туулж үйлдвэрлэж байгаа үхэр, хонины мах яах вэ.
Манай улсад 200,000 гаруй малчин айл өрх байна. Тэдгээр хүний амьжиргаа эрсдэлд орно шүү дээ.
Манай хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт 300,000 гаруй хүн ажилладаг. Түүний ард сая сая хүмүүс бий. Тэр олон хүний амьжиргаа эрсдэлд орох ийм олон сөрөг нөлөөг дагуулж мэднэ.
Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоотой ийм гэрээ хийгээд байвал хүний эрхийг хүндэлдэг, ардчилсан улс гэх статусаа алдана.
Бид ардчилсан улс гэдэг статусаараа бусад улсын зах зээл рүү гарах эрхтэй байдаг. Олон улсын санхүүгийн системд ч орсон байдаг. Энэ системээсээ гарах, ардчилсан орнуудын эгнээнээсээ хасагдах томоохон эрсдэл байгаа юм шүү.
Дараагийн том асуудал нь Японтой хийсэн чөлөөт худалдааны гэрээ. Өмнө нь байгуулж байсан энэ гэрээнд Монгол улс хожсон юм юу ч байхгүй.
2017 онд манай Японоос авч байсан импорт 300 сая ам.доллар байсан. Одоо 600 сая ам.доллар болчихсон.
Монгол улсын Япон руу гаргаж байсан экспорт нь 2017 онд 15 сая ам.доллар байсан одоо 18 сая ам.доллар байж байна. Монгол улсын экспорт өсөхгүй байна. Харин импорт нь өсөж байна.
Ийм томоохон хүчтэй улсуудтай чөлөөт худалдааны гэрээг сайн няхуур хийж явахгүй бол Монгол улс алдагдалд орох нь батлагдлаа.
Харин ч Япон улс бидэнд элэгтэй байдаг. Хамгийн элэгтэй ханддаг улс гэхэд хүртэл ийм нөхцөл байдалтай.
Японтой хийсэн чөлөөт худалдааныхаа хэлэлцээрийг дүгнэж, алдаагаа засаж, дахин ийм алдаа гаргахгүй болсныхоо дараа тэр Евразийн эдийн засгийн холбоотой хийх чөлөөт гэрээ хэлэлцээрээ хийх нь дээр юм болов уу.
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд бид шаардлага хүргүүлж байгаа.
Шаардлагын гол агуулга нь:
Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбоо ТББ, Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо, Хүнсний хувьсгал ТББ, Монголын Мал Зүйч Үржүүлэгчдийн Үндэсний Холбоо нэгдэж, эсэргүүцэж байгаа.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг Евразийн эдийн засгийн холбоотой хийх гэрээнээс хасаж өгөөч. Хэрэв ярилцах шаардлага байгаа бол нухацтай яръя.
Яагаад гэвэл анхны хэлэлцээр саяхан 2024 оны нэгдүгээр сард эхэлсэн. Нэг жил ч болоогүй явна. Олон улсын жишгийг харахад ийм том хариуцлагатай чөлөөт худалдааны гэрээг 10-15 жил тохиролцож байж зурах нь түгээмэл.
Бид яаруу сандруу шийдвэр гаргах хэрэггүй. Ялангуяа Монгол улсад ийм том эрсдэлтэй юмыг хийх ямар шаардлагатай юм бэ гэдэг агуулгыг тусгасан.
Зөвхөн Орос улсыг харахад 80 сая га тариалангийн талбайтай. Жилд 150 сая тонн ургац авч байна. Түүнийхээ тал буюу 70 сая тонныг экспортолдог.
Хөөрхий минь Монгол улсын улаан буудайн хэрэглээ ердөө 300 мянган тонн орчим л байгаа. Энэ хэрэглээгээ л улсдаа дотоодод үйлдвэрлэж байгаа. Ийм нөхцөлд байна.
Орос улс нэгхэн жилийн дотор Монгол улсын хүнс хөдөө аж ахуйн салбарыг тэр чигээр нь дампууруулах бүрэн чадвартай байгаа.
Мах экспортолно, их ашиг гаргана гэж дарга нар хэлж байна. 20 мянган хувьсагчтай тооцоолол байдаг гэдэгтэйгээ адил тэр тооцооллоо яавал яаж ч хийж болдог.
Ялангуяа Монголоос үйлдвэрлэх "бүх махаа экспортолно" гээд тавьчихвал маш ашигтай юм шиг л гарна. Гэхдээ ОХУ, Казахстан руу Монголын мах махан бүтээгдэхүүнийг экспортлох бараг боломжгүй. Мал эмнэлгийн асуудал гаргаад импортолдоггүй.
Манай улсад шүлхий байдаг учир импортлохоор дулааны аргаар боловсруулах, амьдаар нь гаргах зэргээр ямар нэгэн оролдлого хийгээд яваад байна.
Дундад Ази, Ойрх Дорнодод ч манай Монголын махыг одоогийн байгаа байдлаар нь аваад эхэлчихлээ.
Гэтэл та бүхэн хар л даа. 20 гаруй жил Путин дарга Монголоос мах, махан бүтээгдэхүүн импортолно л гэж ярьсан. Одоо импортолж байна уу? хар...
Харин дамжин өнгөрөөхөд асуудал гаргадаггүй нь том амжилт байх. Бидний хувьд Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдаанаас олж авах юм гэхээс илүү "алдах" олон зүйл байна.
Цаашид Монгол улс өөрсдийнхөө хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дампууруулах магадлалтай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!