Уншиж байна ...

"Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн"

Б.Манлай
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

"Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил" форумыг өнөөдөр зохион байгуулж байна. 

Форумын үеэр хот төлөвлөлтийн үзэл баримтлал, шийдэл болон хот байгуулалтын хамтын ажиллагаа сэдвээр хуралдаж, илтгэл хэлэлцүүлж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Шинэ Зуунмод хот, Шинэ Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт болон бусад төслүүдийн танилцуулгаар үзэсгэлэн гаргасан бөгөөд Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалын төсөл, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “20 минутын хот”-ын үзэл баримтлалын төсөлд санал асуулга явуулсан юм.

"Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил" форумын үеэр нийслэл Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар 2040: Амьдрахад таатай хот” сэдэвт илтгэл танилцуулав.

Тэрбээр “Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс хойш 6 удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан.

2013 онд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2017 оноос эхлэн Улаанбаатар хот цаашдаа ямар үзэл баримтлалтай хөгжих талаар төлөвлөлтийг боловсруулан.

Эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш нарын зүгээс 2 удаагийн хэлэлцүүлэг хийж, 1,200 хүнээс 246 санал, зөвлөмжийг авч уг төлөвлөлтөд тусгасан. Мөн 14 яам, түүний харьяа байгууллагатай зөвшилцсөн. Хөгжлийн төлөвлөгөөний талаар 12 мянган иргэнээс санал ирүүлснийг нэгтгэн боловсруулсан” хэмээн танилцууллаа.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн УИХ-аар батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал зэрэг тогтоол шийдвэрийг үндэслэн нэмэлт боловсруулалт, санал зөвлөмж авах ажил үргэлжилж байгаа аж.