Уншиж байна ...

Тэтгэвэртээ гараад байсан Жим Кэрри санхүүгийн шаардлагаар уран бүтээлдээ дахин орсныг хүлээн зөвшөөрөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн оддын нэг Жим Кэрри 2022 онд “Sonic the Hedgehog 2” кинонд Доктор Роботникийн дүрийг бүтээснийхээ дараа тэтгэвэрт гарч байжээ.

Тухайн үед тэр “Access Hollywood” сэтгүүлд “Тэнгэрийн элч надад хүмүүст үнэхээр чухал болохыг нь алтан бэхээр тайлбарлаж бичсэн зохиол авчирч өгвөл л би дахиад уран бүтээл хийж магадгүй. Гэхдээ л би амармаар байна” гэж ярьж байв.

Гэвч Кэрригийн амралт удаан үргэлжилсэнгүй. Хоёрхон жилийн дараа энэ оны эхээр түүнийг “Sonic the Hedgehog 3” кинонд тоглох болсон тухай хэвлэлүүд мэдээлсэн юм.

Энэ сарын 20-нд нээлтээ хийх уг кинонд Кэрри доктор Роботникоос гадна түүний өвөө Жералд Роботникийн дүрийг давхар бүтээжээ.

Энэ долоо хоногт тэр Лондонд киногоо танилцуулах үеэр “Би энэ ертөнцөд буцаж ирсэн нь юуны өмнө суут ухаантны дүрд тоглох болсонтой холбоотой. Нөгөө талаар ний нуугүй хэлэхэд би маш их зүйл худалдаж авсан болохоор мөнгөний хэрэг гарсан” гэж ярьсан байна.

“Sonic the Hedgehog” цувралын эхний кино $319 сая, хоёр дахь нь $405 саяын орлого олсон гэдэг.

Кэрри ямар үнэ хөлстэй ажилладаг талаар мэдээлэл ил болоогүй байна.

2023 оны хоёрдугаар сард тэр 30 жил амьдарсан Лос-Анжелес дахь амины орон сууцаа зарах зар гаргаж байв. Уг хөрөнгийн анхны үнийг $29 саяар тавьсан ч хоёр жилийн дараа $19.75 сая болж бууруулжээ.

Сүүлийн үед Хью Грант, Николас Кэйж, Аманда Сэйфрид, Харрисон Форд зэрэг А ангиллын одууд санхүүгийн шалтгаанаар дахин уран бүтээл хийх болсноо хэвлэлд ярьцгааж байв.

Аравдугаар сард худалдаанд гарсан “Sonny Boy” дурсамждаа домогт жүжигчин Аль Пачино бас тэтгэвэртээ гарсан ч мөнгөгүй болсны улмаас дахин уран бүтээлд орсноо бичсэн байжээ.

“Нэг өдөр л би ямар ч мөнгөгүй болсон байсан. Дансанд ердөө $90,000 үлдсэн байлаа. Тэгээд л тэр” гэж Пачино дурссан байна.

1989 онд “Sea of Love” кинонд тоглосныхоо дараа тэтгэвэртээ гарсан Пачино 2011 онд дампуурлын ирмэгт хүрснээ ухаарчээ.

Ингээд тэр орон байраа зарж, зар сурталчилгаануудад тоглож, Адам Сандлерын “Jack and Jill” инээдмийн кинонд дүр бүтээх зэргээр зүтгэсний хүчинд хувийн санхүүгийн нөхцөл байдлаа тогтворжуулж чаджээ.

 

Эх сурвалж: Business Insider