Уншиж байна ...

И.Мягмаржав: Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын болон биологийн бохирдол маш өндөр байна

Н.Эрхбаяр, iKon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хотын хөрсний асуудал, шийдлийн талаар "Хотжилт ба хүрээлэн буй орчин-2024" сэдэвт зөвлөлдөх уулзалт Монгол Улсын Их Сургуулийн дугуй зааланд өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Тус зөвлөлдөх хуралд Улаанбаатар хотын хөрсний талаар судалгаа хийсэн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцож, гарц шийдэл, нөхцөл байдлын талаар илтгэл танилцуулж байгаа юм. 

Энэ үеэр Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлын судалгааны үр дүнгийн талаар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн ахлах багш, доктор И.Мягмаржав танилцуулж, мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Улаанбаатар хотын хүн амын нягтшил, суурьшилт, газар ашиглалтын зориулалттай холбоотой хөрсний бохирдол янз бүрийн түвшинд илэрч байна. Тухайн газар дээр ямар үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас хамаарч орчинд үзүүлэх бохирдлын нөлөө янз бүр байдаг. 

Жишээлбэл арьс ширний үйлдвэр орчмын газарт хром гэх бодисын бохирдол их. Харин Да хүрээ захын ойр хавьцаа машины тос тосол, утаанаас шалтгаалж хар тугалга ихээхэн ялгардаг. Гэр хороололд түлээ түлш, нүүрс хэрэглэснээс болж янз бүрийн хүнд металл илэрч байна. 

Миний хувьд Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлын судалгааг 2021 онд хийсэн. Ингэхдээ суурьшил ихтэй бүсүүдийг сонгон авч хөрсөнд агуулагдаж буй хүнд металлын хэмжээг тодорхойлсон. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хотод хамгийн их бохирдол илэрсэн газар бол Да хүрээ зах юм. Энэ орчмын хөрсөнд хар тугалгын бодис их хэмжээтэй байна. Мөн Шар хадны эцэс, Амгалан, Толгойт, Таван шар, Их наранд хүнд металлын бохирдол их хэмжээгээр илэрсэн. 

Хүнд металл нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй. Хүний бие организмд үзүүлэх сөрөг нөлөөгөөр нь хүнд металлыг аюултай, бага аюултай, маш аюултай гэж ангилж болно. Хром, хар тугалга, никель зэрэг металл нь хүний бие онц аюултай нөлөө үзүүлж байдаг.

Хөрсний өнгөн гадаргуу дээр хүнд металл агуулагддаг. Энэ нь нарийн ширхэгтэй тоос, чулуунд наалдац хэлбэртэй оршдог. Улаанбаатар хотод зүлэгжүүлэлт байхгүй учраас хүний нүдэнд харагдахгүй байдлаар үүсдэг тоосжилтод хүнд металл байгаа. Тиймээс амьсгалын замаар хүний биед орж хуримтлагдсанаар тодорхой хугацааны дараа сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын хэмжээнд хөрс гэх зүйл зулгарч, халцарч байна. Үүнийг саармагжуулахын тулд хөрсийг хуулж аваад, шинээр хөрсжүүлэх ёстой. Гэхдээ сүүлийн үед хүнд металлаар хооллогч ургамлыг тариалах зөвлөмжийг өгч байгаа. Жишээлбэл наранцэцэг, гич, янз бүрийн хогийн ургамлуудыг тарих ёстой. 

Хүнд металл нь усанд уурших магадлал харьцангуй бага. Газрын хөрсөнд 5-10 жилийн хугацаатай хадгалагдаж байдаг. Тиймээс хүнд металлын бохирдол нь хөрсний өнгөн гадаргуугийн 0-10 см-т байдаг гэж судлаачид дүгнэсэн.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхийдөө Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын болон биологийн бохирдол маш өндөр хэмжээнд байгаа нь тодорхой болсон. Үйлдвэрлэл үйлчилгээнээс хамаарч шингэн хаягдлаа асгаад байвал хөрсөнд илүү гүн шингэж бохирдол үүсгэдэг. 

Харин биологийн бохирдол гэдэг нь бактери, нян, вирус юм. Энэ бохирдол бидний замбараагүй байдал, нүхэн жорлон, шингэн хаягдлаас болж үүсдэг" гэв.