УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэн баталлаа.
Энэ үеэр Ц.Мөнхтуяа гишүүн гаргасан саналыг нь дэмжсэнгүй гэж хуурай агсан тавив.
Тэрбээр Төсвийн байнгын хороогоор төсвийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр дараах саналыг гаргажээ.
Уг саналд “Боловсролын салбарт зарцуулах төсвийг нэмэгдүүлэх, Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилго 2030, Боловсрол 2030, Инчоны тунхаглалын зорилтыг хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах, багш, ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг шинэчлэн тогтоох, цалин хөлсийг тооцох шинэ аргачлал нэвтрүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор 2026 оны төсвийн жилээс эхлэн боловсролын салбарын төсвийн нийт зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувиас багагүй эсвэл улсын төсвийн нийт зардлын 18 хувиас багагүй байхаар тооцон боловсруулж, өргөн барих, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн зардлыг холбогдох хуулийн дагуу дараа жилийн төсөвт суулгаж өгөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын төсвийг улсын төсөвтэй уялдуулан жил бүр нэмж байх санал гаргажээ.
Түүний гаргасан саналын эсрэг байр суурийг Ж.Батжаргал гишүүн илэрхийлсэн. Тэрбээр “Төсвийн зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувиар хязгаарлалт хийсэн атлаа нэг салбарын хөгжлийн асуудлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд хүргэхээр шийдэх нь бусад салбар хоорондын хөгжлийн тэнцвэр алдагдах үр дагавартай” гэсэн юм.
Энэ бол Төсвийн байнгын хорооны түвшинд яригдсан асуудал, байр сууриуд.
Харин чуулганы хуралдаанд дээрх саналыг хэлэлцэх үеэр хууль зүйн боломжгүй асуудал болох нь тодорхой болов.
Учир нь “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үед Ц.Мөнхтуяа гишүүн боловсролын салбарын санхүүжилтийг 2026 оны төсвийн жилээс эхлэн хэрэгжүүлэх санал гаргасан аж. Тиймээс ч байнгын хороо, чуулганы хуралдаанд дээрх саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй.
Гэтэл Ц.Мөнхтуяа гишүүн үүнд нь өс санасан уу гэлтэй чуулганы танхимд Ж.Батжаргал гишүүн рүү “агсарч” гарав.
Тэрбээр “Хүүхдүүдээс харамлаж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг хийж байгаа гишүүдийн өмнөөс харамсаж байна. Ж.Батжаргал гэдэг гишүүний хэлснийг манай багш нар бүгд маш их гайхаж байгаа. Би сая пост оруулсан. Энэ Төв аймгаас сонгогдсон гишүүн юм байна.
Өнөөдөр багшийн цалин амьдралд нь хүрэлцэхгүй, хүүхдийн хоолны мөнгө хаанаа ч хүрэхгүй байна. Жилд 400-хан ам.доллар хүүхдэд зарцуулчхаад инээлдээд сууж байгаагаасаа ичээрэй та нар. Үнэхээр ич” хэмээв.
Үүний дараа Ц.Мөнхтуяа гишүүний гаргасан саналыг яагаад дэмжих боломжгүй талаар Ж.Батжаргал гишүүн тайлбарласан. Гэтэл Ц.Мөнхтуяа “Боловсролоосоо ирээдүйгээсээ битгий харамла” гэх үгтэй самбар барьж Ж.Батжаргал гишүүний ард очиж зогсохын зэрэгцээ түүний хэлснийг эсэргүүцэж буйгаа чангаар илэрхийлсээр байв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ц.Мөнхтуяа гишүүнд чуулганы хуралдааны дэг зөрчиж байгааг сануулснаар суудалдаа очиж суусан.
Их хурлын дарга “Гишүүдийн гаргасан санал чухал гэдгийг ойлгож байна. Гэхдээ төсөв, санхүүгийн хувьд чадамж бий билүү гэдгээ тооцох ёстой. Сэтгэлийн хөөрөл, улс төрийн попролоор хандсан асуудал хэрэгжих боломжгүй болж, УИХ, Засгийн газрыг хүнд байдалд оруулах эрсдэл бий.
Та хэрэгжих боломжгүй заалтыг хүчээр тогтоолд оруулах гэж үзээд байна. Түүнээс биш ярьж байгаа бодлого, зарчмыг тань гишүүд эсэргүүцээгүй.
Та гаргасан саналаа 2026 оноос хэрэгжүүлье гэчхээд 2025 онд авах арга хэмжээний тогтоол руу оруулах гээд байна. Үүнийг тайлбарлаад хэлэхээр боловсролын салбарыг дэмжсэнгүй гэдэг улс төр хийгээд байна. Гишүүд хаана, хэзээ улс төр хийхээ бодолцох ёстой” гэв.
Ийнхүү дараагийн асуудлыг хэлэлцэж эхлэх үеэр Ц.Мөнхтуяа гишүүн санал хураалтад оролцолгүй суусаар, танхимаас гарч явав.