Уншиж байна ...

Л.Эрхэмбаяр: Архи, пиво Оросоос вагон вагоноороо орж ирнэ. Монголд ямар ч ашиг алга

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монгол улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрт бизнес эрхлэгчдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-д өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Евразийн эдийн засгийн холбоонд Орос, Беларусь, Армени, Казахстан, Киргизстан гэх таван улс багтдаг.

Энэ үеэр "Түмэн шувуут” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Эрхэмбаяр дараах байр суурийг илэрхийллээ. 



Тэрбээр "Яамны дарга нар дандаа худал ярьж байна. 

Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны асуудлаар ААН, компаниудаар санал сонсож огт яваагүй. 

Ер нь төрийн ажил явуулахдаа хэдэн хүмүүсийг цуглуулж ярилцсан болоод өнгөрдөг. Дараа нь түүнийгээ санал авсан гэж хэлээд зогсож байдаг. 

Евразийн эдийн засгийн холбоонд элсэх нь зөв, буруу эсэх, нөлөөлөл ямар байгааг судалсан судалгааны үр дүн бий. Монголд ямар ч ашиг алга.

Тэд манайхаас хэзээ ч өндөг, гурилан боорцог авахгүй. Манайхаас юу ч авахгүй нь ойлгомжтой. Тэгсэн мөртлөө цаад талаас бүх барааг тэглэж оруулахаар ярьж байна. Тэглэх нь тэдэнд л ашигтай.

Монголын үйлдвэрүүд одоо л босож, сэргэж байна. "Талх чихэр", "Өгөөж", "Газар шим", "Монфреш" зэргээс эхлээд маш сайн бүтээгдэхүүнийг оруулж ирж байна.

Гэтэл тэдний гаргадгийг бүгдийг нь Оросоос оруулж ирэхээр шийдвэрлэх нь харамсалтай. Гэхдээ ноос, ноолуур, махыг яах аргагүй гаргах ёстой. Үүнийг эсэргүүцээгүй" гэлээ. 

"Нас бие хүрсэн хүнтэй хүүхдийг нэг талбар дээр гаргаад зодолдуулах ямар уу?"

Үргэлжлүүлэн "Иргэдийн зүгээс дотоодын үйлдвэрлэгчид үнэтэй байгааг хэлж, шүүмжилдэг. Дандаа ийм үнэтэй байхгүй.

Дэлхийн түвшний технологи, инновацыг техникийг нэвтрүүлж байна. Бид бүтээмжийг ч маш өндөр болгож байна.

Хүмүүс намайг өндөгний зах зээлээ хамгааллаа гэж ярьж байна. Би дан ганц энэ асуудлыг яриагүй. Монгол улсын таван тусгаар тогтнол гэдэг дотор чинь хүнс багтдаг. 

Оросын Михаил өвгөнд нэг бодол байхад Монголд Болд өвгөнд ч дахиад нэг бодол байх ёстой. Нас бие хүрсэн хүнтэй хүүхдийг нэг талбар дээр гаргаад зодолдуулах ямар уу?

Бусад бүх улс орон өөрийн үйлдвэрлэж чадаж байгаа зүйлсээ хамгаалдаг байхад манайх яг эсрэг.

Эхлээд дотоодын үйлдвэрлэгчдээ хөл дээрээ боссон хойно гаалийн татварын хөнгөлөлтийг хийж болно. Бүр болохгүй биш. Өчнөөн олон үйлдвэр, газар тариалангийн компани дөнгөж технологио сураад, зээлээ авчхаад байж байна. 

Энэ шийдвэр сүү, сүүн бүтээгдэхүүн, газар тариалан бүх салбарт нөлөөлнө.

Хүнсний тусгаар тогтнол Монгол улсын тусгаар тогтнолын нэг хэсэг. Хүнсээ өөрсдөө бэлддэг, гарал үүслийг нь хянадаг байх ёстой. 

Монгол улс Оросоос хараат байж болохгүй. Ялангуяа хөдөө аж ахуй хүнд нөхцөлд орно шүү. Мах, ноос ноолуур тэглэхийг эсэргүүцэхгүй.

Дэлхий Оростой архиар өрсөлдөж чадахгүй. Гэтэл архи, пиво, ундааг хүртэл тэглэх бараан дотор оруулчихсан байна. Ингэвэл Монгол руу цагаан архи нь вагон вагоноороо орж ирнэ шүү дээ. Оросын архи ямар хямд билээ. Заавал тэрүүгээр яах юм бэ.

Дахин хэлье Орост бодол байгаа бол Монголд ч бодол санаа бий" гэв.