Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "Perfect World Shanghai Major 2024" Хятадын Шанхай хотод зохион байгуулагдаж байна.
Манай улсын "The MongolZ" баг шөвгийн наймын тоглолтоо Европын "MOUZ" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар хийж, 0:2-ээр ялагдлаа.
Энэхүү тоглолтын дараа "The MongolZ" багийн тоглогч Techno4K буюу М.Содбаяр өөрийн сэтгэгдлээ хуваалцаж, дэмжигчдэдээ баяр хүргэлээ.
Тэрбээр "Манай баг эхний "Ancient map" дээр бага зэрэг сандарсан. Тоглогчид маань хоорондоо тааруухан ойлголцлоо. Харин хоёр дахь "Nuke map" дээр сэтгэл санаагаар уначихлаа.
Бид дэлхийн аваргын "Playoff Stage"-д шалгарах эхний зорилгоо биелүүлсэн. Гэхдээ энэхүү амжилтдаа бага зэрэг сэтгэл дундуур байна.
Манай багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аялал энд ирээд өндөрлөж байна. "The MongolZ" багийг дэмжсэн болон арын албаны хүмүүс, гэр бүл, найз нөхдөдөө баярлалаа.
Бид энэ хүртэл явахад та бүхний дэмжлэг үнэхээр чухал байсан. Бид дараа жил хүчтэй эргэн ирэх болно" хэмээн ярилаа.
Counter Strike-2 тоглоомын ДАШТ анх удаа Ази тивд зохион байгуулагдсан билээ. Европын багууд ноёрхдог энэ тоглоомын төрөлд анх удаа Азийн баг, тэр дотроо манай улсын "The MongolZ" шөвгийн найм хүртэл явсан нь том амжилт юм.
Мөн тэд ДАШТ-ий эхний хоёр шатанд нэг ч хожигдол амсахгүйгээр өнөөдөр 18 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд тоглолоо. Түүнчлэн ирэх оны зургаадугаар сард АНУ-д зохион байгуулагдах дэлхийн аваргад Ази тивээс гурван баг оролцох эрхийг хэвээр хадгалан үлдэж байна.