• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр хорооллыг хөгжүүлэхэд АХБ-наас 224 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.

Төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцуулсан юм.

Манай улсын нийт хүн амын 1.3 сая нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хотын хүн ам жил бүр 6 хувиар өссөөр иржээ.

Үүнээс үүдэн хотын төвд хэт нягтрал үүсэж, гэр хорооллын иргэд нийгэм, эдийн засгийн үйлчилгээг хүртэх болон эрүүл, тав тухтай орчинд амьдрах боломж хязгаарлагдмал байгаа аж. 

Тиймээс тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтарч “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр тусгасан байна.

Гэр хорооллыг хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Хөтөлбөр хэрэгжих 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагыг чадавхижуулах ажлыг гүйцэтгэхээр зорьжээ.

Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 6 дэд төв байгуулагдах аж.