Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дамбийням: Монгол Иран хоёр бол хамтын түүхтэй улсууд

Б.Энхжаргал, Засгийн газрын мэдээ
2016 оны 3 сарын 28
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Иран Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин caйд О.Дамбийнямтай ярилцлаа.

-Монгол Улс Лалын Бүгд Найрамдах Иран Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болох гэж байна. Бараг хагас зууны түүхтэй хоёр орны харилцаа өнөөдөр ямар түвшинд байна?

-Монгол Улс ЛБНИУ-тай 1971 оны тавдугаар сарын 20-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр орны харилцааны 45 жилийн ойг ирэх тавдугаар сарын сүүлээр тэмдэглэхээр ярилцаж байна. Өнгөрсөн онд ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Иранд айлчилж, харилцааны олон талт асуудлуудыг хэлэлцэхдээ ойн хүрээнд ямар арга хэмжээ зохиох талаар ярилцсан.

Ингээд хоёр орон 45 жилийн ойгоо хамтарч тэмдэглэе, харилцан айлчлал хийе, үзэсгэлэн гаргая, бизнес уулзалт зохиоё гэсэн шийдвэрт хүрсэн. Би энэ сарын эхээр Иранд очиж, харилцааны асуудлуудыг, түүний дотор 45 жилийн ойн асуудлаар бас ярилцлаа.

Улаанбаатар хотод болох гол арга хэмжээнд Ираны гадаад хэргийн Дэд сайд Ибрахим Рахимпур ирж оролцоно. Тэрбээр бизнесийн төлөөлөгчидтэй ирж, хамтарсан уулзалт хийх юм. Бид энэ талаар МҮХАҮТ-ийн удирдлагуудтай уулзаад тохирчихсон байгаа. Түүнээс гадна Монгол Ираны дипломат харилцааны талаарх үзэсгэлэнг нээнэ.

Үүнд манай талаас ШУА нэлээн үүрэгтэй оролцож, зохион байгуулна.

Өөрөөр хэлбэл, академийн зүгээс Монгол Ираны харилцааны талаар бидний сайн судлаагүй, зарим талаар огт мэдэхгүй бичиг баримт, эд өлгийн зүйлсийг гаргаж үзэсгэлэнд дэлгэнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

-Бизнес групп нь ирэх юм байна. Одоогийн байдлаар хоёр орон эдийн засгаар яаж харилцаж байна?

-Хоосонгүй байна. Манайхаас тодорхой хэмжээний махыг Иран Улс импортоор авч байгаа. Харин Монгол Улсад барилгын материал, өргөн хэрэгцээний барааг оруулж ирдэг. Тоон дүнгээр хэлэх юм бол хоёр орны худалдаа нэг сая ам.доллараар хэмжигдэж байгаа.

Энэ бол их хэмжээгээр худалдаа хийдэг орнуудтай харьцуулахад бага. Харин 2-3 жилийн өмнөх эдийн засгийн ямар ч хамтын ажиллагаагүй үетэй харьцуулахад бас дажгүй эхлэл. 

Манайхаас тодорхой хэмжээний махыг Иран Улс импортоор авч байгаа. 

Ер нь сүүлийн 2-3 жилд Монгол, Ираны харилцаа шинэ хэлбэрээр сэргэж буйн эхлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тегеранд 2012 онд болсон ЭҮНХ-ний дээд хэмжээний уулзалтад оролцсоны үр дүн юм. Дараа нь хоёр талын Ерөнхийлөгчид хэд хэдэн удаа уулзахдаа харилцаагаа “Худалдаа, эдийн засгийн салбарт өргөжүүлье” гэж тохирсон.

Хоёр орон хөдөө аж ахуйн салбар, махнаас гадна амьд мал экспортоор гаргаж болох юм гэж ярьж байна. Тэд ч хонь авах сонирхолтой байгаагаа хэлсэн. Мөн хоёр бөхтэй тэмээг эрдэм шинжилгээний судалгааны журмаар авах сонирхолтой.

-Тэнд харин ганц бөхтэй тэмээ байгаа байх аа?

-Тийм. Бүр тодруулбал хоёр бөхтэй тэмээг тус оронд байдаг нэг бөхтэй тэмээтэй эрлийзжүүлэх, авах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр импортлох хүсэлт тавьсан. Үүнийг бид судалж байгаа.

Түүнээс гадна Иран Улсын үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг манайд нийлүүлж болохоо мэдэгдсэн. Мөн өргөн хэрэгцээний бараа, хатаасан болон шинэ жимс, эмийн ургамлыг манайд экспортлох боломжтой юм билээ.

-Иранчууд хониноос өөр төрлийн мал, мах сонирхож байх юм уу?

-Тэд бол бага насны үхрийн мах, хонь л гэж байгаа юм. Энэ дагуу Монгол Улсын мах экспортлогч компаниуд нөгөө талтайгаа ярилцаад, хэр хэмжээгээр авах, сав баглаа боодлын хэлбэр, хэмжээгээ ч тохирчихсон байна. Max, мал гаргах бэлтгэл ажлыг бид ГХЯ-ны хэмжээнд урьдчилан тооцоолж, хоёр жилийн өмнөөс Хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллаж байна. 

Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтарч ажиллах баримт бичгийн төслийг Ираны талд өгчихсөн байсан. Энэ төслийг тус яамны зүгээс бэлэн болгож байгаа. Сая би Иранд ажлаар очихдоо төслийнхөө хариуг нэхсэн. Тус улсын Хөдөө аж ахуйн яамны төлөөлөл нь Гадаад хэргийн дэд сайдынхаа айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байгаа юм билээ. Тэд ирэхдээ манай төслийн хариуг өгөхөөр болж байна.

-Хөдөө аж ахуйн салбар мал эмнэлэг, хорио цээрийн салбараас өөрөөр ямар харилцаа байна?

-Тус улсын Хөдөө аж ахуйн яамны зүгээс мөн манай Байгаль орчны яамтай цөлжилтийг сааруулах чиглэлээр хамтран ажиллахаар ярьж байна. Тус улсад 40-50 жилийн өмнөөс л цөлжилт нүүрлэсэн. Тиймээс цөлжилттэй тэмцэхдээ биднээс илүү туршлагатай юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний төр засгийн тэргүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцдог. Ер нь энэхүү олон улсын чуулга уулзалт нь төвийг сахих тухай Монгол Улсын бодлоготой яаж холбогдож байна?

-Төвийг сахих бодлого Монгол Улсын хувьд цаг үеэ олсон, зөв алхам гэж бид хүлээн авч байна. Бид гадаад орнуудад ажил албаар явахдаа ч энэ бодлогын учрыг тайлбарлаж буй. Төвийг сахих бодлого, үйл ажиллагаа нь шинэ зүйл биш, манай улсын хувьд ардчилсан хувьсгалын жилүүдэд ч, түүнээс өмнө ч тодорхой хэлбэрээр байсаар ирсэн үйл явц юм гэж боддог.

ЭҮНХ-ий зорилго нь олон талаараа төвийг сахих бодлоготой холбогдох болов уу гэж санагдана. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын чуулган, бусад олон улсын уулзалт, арга хэмжээ, ШХАБ-ын хүрээнд өөрийн орны гадаад бодлого, үйл ажиллагааны талаар байнга ярьж тайлбарлаж байдаг.

ЭҮНХ-ий уулзалтад манай Ерөнхийлөгч оролцох нь бусад улс орны төр, засгийн тэргүүнүүдтэй олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлууд, түүний дотор төвийг сахих асуудлаар ярилцах, өөрийн бодлогоо тайлбарлах сайхан боломж болох юм.

-Ер нь хоёр орны улс төрийн харилцаа хэр идэвхтэй байсан юм бэ?

-Сайнаар явж ирсэн гэж хэлнэ. Үүнээс өмнө ч гэсэн хоёр орны Ерөнхийлөгч, бусад удирдлагууд НҮБ-аас эхлээд олон улсын хурал, чуулганы үеэр олонтоо уулзаж, тодорхой асуудлаар ярьж, санаа бодлоо хуваалцаж ирсэн.

Хоёр орны харилцаанд маргаантай асуудал байдаггүй. Ер нь дээр дурдсан хоёр талын хамтын ажиллагааны эхлэлүүд нь улс төрийн харилцаа сайн байгаагийн жишээ юм.

-Монгол, Иран улсын хамтын түүхийг илэрхийлсэн эд өлгийн болон түүхийн сурвалжууд хэр их байдаг юм бэ. Их Монгол Улстай холбоотой зоосон мөнгөний үзэсгэлэнг үзэж байхад Афганистан, Иран, Иракаас олдсон гэдэг тайлбартай нь нэлээн байсан.

-Манай хоёр орны харилцааны түүх 800-аад жилийн тэртээгээс эхтэй л дээ. Лавтай бидэнд үлдсэн бичиг баримт, түүхээс харвал 760 жилийн өмнөөс Хүлэг хааны байгуулсан Ил хаант улсаас эхэлж байгаа. Зоос, мөнгөний холбогдолтой зүйл гэвэл тэр үеийн Монгол хаадын дэлдүүлсэн мөнгөнүүд маш их олддог.

Үүнтэй холбогдуулан хэлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд Иранд айлчилж, дээд түвшинд ярилцаж тохирсны дагуу бидэнд тухайлбал ГХЯ, ШУА-д өгсөн үүргийн дагуу Ил хаант улсын үеийн Монгол, Ираны хамтын түүхийг судалж эхэлсэн юм. Хоёр талаасаа 30-аад хүнтэй Судалгааны хамтарсан Хороо байгуулж, 400 орчим сая төгрөгийн төслийг хоёр үе шаттайгаар 2-3 жилийн дотор хэрэгжүүлэх ажил эхлээд явж байна.

Энэ ажлын хүрээнд Монгол, Ираны ШУА, Судалгааны Төвийн удирдлага айлчилж, хоёр удаагийн нэгдсэн хуралдаан, мөн “ГЭРЭГЭ-Азийн соёл иргэншлийн үнэт зүйл” сэдэвт 10-аад орны төлөөлөгчид оролцсон эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн оны 10 дугаар сард манай ШУА, ГХЯ хамтран Улаанбаатарт хийсэн.

Ер нь шинжлэх ухааны чиглэлийн хамтын ажиллагааны хүрээнд найман том төсөл хэрэгжүүлэхээр тохирсны нэг нь Ил хаант улсын үеийн зоосны холбогдолтой альбом гаргах ажил. Тус альбомд таны сая хэлсэн гоё сайхан зооснуудын талаар гарах юм.

-Мэдээж түүхийн бусад сурвалжууд бий байх?

-Түүхчдийн үзэж байгаагаар Ил хаант улсын үед Иранд барилга архитектур, яруу найраг их хөгжиж, шашин шүтлэг ихээхэн чөлөөтэй болсон.

Монгол хаадууд ийм бололцоог олгож байсан гэсэн үг шүү дээ. Тэр ч байтугай өөрсдийн үзэл бодлыг эзэлсэн газар нутагтаа тулгаж, шаарддаггүй, харин ч өөрсдөө лалын шашинд нь орж, хүндэтгэж байсан гэдэг.

Тухайлбал Өлзийт хаан лалын шашинтан байсан төдийгүй, түүний бариулсан Лалын сүм эдүгээ ЮНЕСКО-гийн соёлын үнэт өвд бүртгэгдэн, Ираны Султание хотод байна.

Монгол Хааны бариулсан уг сүм 700 гаруй жилийн дараа одоо ч бидний үед бараг хэвээрээ байгаа нь гайхамшигтай юм. Мэдээж цагийн эрхэнд бага зэргийн элэгдсэн зүйл бий. Өөр олон ч хотод Монголын түүхтэй холбоотой зүйл бий. Ер нь Ил хаант улсын үед Иранд гурван нийслэл байсан юм билээ.

Ил хаант улсын үед Иранд гурван нийслэл байсан юм билээ.

Түүхэнд үлдсэнээр гурвуулаа цэцэглэн хөгжсөн байдаг. Ил хаант улсын түүхээс Рашид Ад Диний “Судрын чуулган” дэлхийн олон оронд хэвлэгдэж, орон орны эрдэмтэд судалж, өөрсдийн бодол санааг илэрхийлсэн.

Ил Хаант Улсын үеийн өөр түүх, шастирууд судалгаанд орсон нь ховор. Тиймээс ч Ерөнхийлөгчийн үүргийн манай ШУА, ГХЯ хамтран хэрэгжүүлж буй төслийн үр дүнд олон сонирхолтой материалуудыг дотоод, гадаадын судлаач, шинжээчдийн ширээн дээр тавих юм.

-Хамтын түүх гэхээр Ил хаант улсын үеийн Монгол хаадын түүх орох уу?

-Тэгнэ. Ил хаадын үеийн чухал гар бичмэл, Монгол хаадын гаргасан нийгэм эдийн засгийн харилцаа, газартай холбоотой 2,200 гар бичмэл, баримт, тушаал, зарлигийг олчихсон байна. Үүний зөвхөн перс хэлээр товъёг гаргахад 800 хуудас болж байгаа.

Перс хэлэнд ганц нэгхэн л эгшиг байдаг, ихэнхдээ үгнүүд нь гийгүүлэгчээс бүрддэг тул амь оруулж уншдаг, тиймээс перс хэлний материалыг орчуулахад бусад хэлэнд хуудасны тоо илүү болдог. 

Тухайлбал дээрх товъёгийг Монгол хэлээр хөрвүүлэхэд 1,000-н хуудсаас багагүй болох байх. Харин энэ их баримт, бичгийг судлах ажил монголчуудын өмнө ирлээ. Хэн ч түүнийг үзээгүй, судлаагүй, ганц нэг эрдэмтэд харсан байх. Ер нь Монгол талын эрдэмтэд бараг судлаагүй түүхийн сурвалж л даа.

Үүнд мэдээж их хэмжээний зардал гарах болов уу хэмээн баримжаалж байна. Манай Гадаад хэргийн яам, ШУА-ийн хийж байгаа ажлын гол зорилго энэ бүх баримт, бичгийг судалж, нийтийн хүртээл болгох явдал юм.

Энэ чухал ажил нь Монгол-Ираны хамтарсан судалгааны Багийнхан 2017 оноос Цахим номын сан байгуулж, түүндээ дээрх 2,200-н гар бичмэл, ном, судрыг бүрэн оруулснаар хэрэгжинэ.

-Перс хэлнээс Монгол хэл рүү буулгана гэдэг өөрөө их том ажил байх. Монгол Улсын хувьд перс хэлтэй эрдэмтэн судлаачид хэр олон байдаг бол?

-Хамгийн чухал нь хоёр орны хамтарсан судалгааны баг Монгол, Перс хэлтэй эрдэмтдийг харилцан бэлдэх хэрэгтэй байна. Дээр дурдсан перс хэлээрх 2,200 нэгж материал, түүний товъёогт Монгол, турк, араб үгнүүд элбэг тохиолдож буй нь судалгааны ажлыг улам бэрхшээлтэй болгож байгаа.

Түүнээс гадна Монгол, Ираны эрдэмтдийн хийж буй зүйл зөвхөн хоёр улсад холбогдолтой биш. Дэлхий ертөнцийн түүхтэй холбогдоно. Рашид Ад Диний “Судрын чуулган” нь 16 боть зохиол гэсэн. Эхний гурван боть нь Монгол Улсын түүхтэй холбогдоно.

Хориг арга хэмжээ цуцлагдсан нь бага боловч Монгол, Ираны харилцаанд нааштай нөлөөлж байна. 

Харин дөрөв дэх ботиосоо эхлээд бүгд дэлхийн түүх шүү дээ. Ер нь “Миний түүхийг бич, манай улсын тухай бич” гэж хэлдэг хаан, удирдагч байснаас биш Монгол Хаад, Ил хаадууд шиг дэлхийн түүхийг бич гэж зарлигдаж байсангүй гэж зарим эрдэмтэд магтдаг юм билээ.

Тэр дундаа минийхийг гуравхан боть бичээд дэлхийнхийг ахиухан бич гэсэн хаан хорвоо ертөнцөд ховор гэж хэлэх хүн олон. Бидний хоёр жилийн дотор хийх үндсэн ажил бол судалгаа, шинжилгээний энэ нүсэр ажлын зөвхөн эхлэлийг тавих, зам мөрийг нь гаргаж өгөх явдал.

-Монгол Ираны харилцааны талаарх сэдвээ өөрчилье. Та Исламын Бүгд Найрамдах Иран Улсад суугаа Элчин сайдын хувьд олон улсын хориг цуцлагдсанаас хойших тус орон ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн оны долдугаар сард цөмийн салбарт 5+1 болон Ираны цөмийн зэвсгийн талаарх яриа хэлэлцээ амжилттай дууссан. Түүнээс хойш буюу энэ оны хоёрдугаар сард хориг бүрэн тавигдлаа. Олон улсын цөмийн эрчим хүчний Агентлагаас Иран гэрээгээ биелүүлж байна гэсэн дүгнэлт гаргасан нь хориг тавигдах нэг чухал алхам болсон.

Хориг тавигдсанаас хойш Иран Улстай өрнөдийнхөн идэвхтэй харилцаж эхэллээ. Иран ч мөн гадагшаа өндөр дээд хэмжээний айлчлал хийж, зочид төлөөлөгчдийг хүлээж авч байна. Энэ бүхнээс мэдрэгдэж байгаа зүйл гэвэл Ираны хувьд эдийн засгаа хөгжүүлэх өндөр боломж нээгдэж байна. Хоригийн хүрээнд гадаадад байсан 400 тэрбум ам.доллар Ираны эдийн засгийн эргэлтэд орох боломж нээгдээд байна. 

Мөн тус улс газрын тосны олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Дээрх олон зуун тэрбум ам. доллараас гадна Ираны эдийн засгийн салбарт гадаадаас маш их хөрөнгө оруулалт хийх гэрээ, хэлэлцээрүүд хийгдэж байна. Хориг арга хэмжээ цуцлагдсан нь бага боловч Монгол, Ираны харилцаанд нааштай нөлөөлж байна. Хоёр талын худалдааны харилцааг хөгжүүлэх, тухайлбал пүүс, компаниуд банкны гүйлгээг хийхэд элдэв бэрхшээл гарахгүй байх нь ашигтай.

Зураг