ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Мал, амьтны галзуу өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд

ikon.mn
2016 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Галзуу өвчнөөр таван хошуу мал, тэжээвэр, зэрлэг амьтад, хүн өвчилдөг бөгөөд мэдрэлийн хэт цочрол болон саажих шинж тэмдгээр илэрдэг, ”А” зэрэглэлийн ангилалд багтдаг зоонозын хурц халдварт өвчин юм.

Галзуу өвчин дэлхий дахинд өргөн тархалттай ба жилд дундажаар 55,000 хүн энэ өвчнөөр нас бардаг бөгөөд эндсэн хүмүүсийн 40 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна.

Халдварын ихэнхи хувь нь нохойнд хазуулсантай холбоотой байдаг /ДЭМБ-ийн мэдээгээр/.

Галзуу өвчин дэлхий дахинд өргөн тархалттай ба жилд дундажаар 55,000 хүн энэ өвчнөөр нас бардаг

Галзуу өвчний үүсгэгч нь РНХ агуулсан, харьцангуй том буюу 100-150 нм хэмжээтэй, Rhabdoviridae овгийн Lyssavirus юм.

Вирусийн химийн найрлагын 74%-ийг уураг, 1%-ийг РНХ, 22%-ийг өөх тос, 3%-ийг нүүрс ус эзэлдэг.

Галзуугийн вирус мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи, нугас, шүлсний булчирхайд хуримтлагддаг.

Галзуу өвчний зэрлэг омогвирусээр бүлээн цуст амьтан халдварласан тохиолдолд хоруу чанар өндөр, төв мэдрэлийн тогтолцоог гэмтээж Бабеш-Негрийн биеэнцрийг үүсгэдэг.

Чоно, нохой, үнэг, хярс зэрэг зэрлэг амьтад нь галзуу өвчний вирүсийг тараагч болдог бөгөөд улс орон бүхэн тухайн вирусийг тээгч, дамжуулагч амьтдын судалгааг хийсэн байдаг. Монгол Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр нохой, чоно, үнэг, үхэр, адуу, тэмээ, бог малаас галзуугийн вирусийг илрүүлсэн байна.

Бусад оронд илбэнх, өмхий хүрэн, хярс зэрэг олон зүйлийн зэрлэг амьтдаас уг вирүсийн илрүүлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Америк, Австрали, Баруун Европын орнуудад сарьсан багваахайнаас халдвар авах тохиолдол нэмэгдэж байна.

Амьтдыг галзуу өвчинд маш мэдрэг, мэдрэг, дунд зэргийн мэдрэг, тэсвэртэй гэж хуваадаг ба чоно, үнэг нь маш мэдрэг, дорго, өмхий хүрэн, муур, туулай нь мэдрэг, үхэр, адуу, тэмээ, нохой, хонь, ямаа нь дунд зэргийн бүлэгт хамаарагдана.

Дэлхийн Галзуу Өвчинтэй Тэмцэх Холбооны санаачлагаар хүн болон мал амьтны эрүүл мэндийн Олон улсын байгууллагууд нэгдэж галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах, эрчимжүүлэх зорилгоор жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг “Дэлхийн галзуу өвчнөөс сэргийлэх өдөр” болгон тэмдэглэдэг байна.

1972-2014 онд 36 хүн галзуу өвчнөөр өвчилсөн бөгөөд эдгээр хүмүүсийн 52.2% нохойд, 22.7% нь малд, 15.7% нь чононд уруулж, 6.9% нь үнэгэнд хазуулсны улмаас халдвар авч нас барсан байна. 

Галзуу өвчний үед илрэх эмнэл зүйн шинж тэмдэг

Нууц үе: Халдвар авснаас хойш эмнэл зүйн шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг халдварын нууц үе гэнэ. Энэ хугацаа нь галзуу өвчний хувьд 14 хоногоос 3 сар (7 хоногоос 1жил хүртэл) үргэлжлэх ба шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байна. Шарх нь төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе нь богино байна.

Эмнэлзүйн хэлбэр нь угтал үе, хөөрлийн үе, саажилтын үе гэсэн 3 үе шатаар явагддаг ба галзуугаар өвчилсөн тохиолдолд цочромтгой, айж эмээсэн байдалтай, харанхуйд байх дуртай, нойр хоолонд муу, уруулсан хэсэгт өвдөх, загатнах, мэдрэлийн судал дагаж улайх, амнаас унжиралдсан шүлс гоожих, шүлсээ залгих чадваргүй болох, ус, салхи, гэрлээс айх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Өвчний хүндрэлийн үед саажилт үүсч, улмаар үхэлд хүргэдэг. Галзуу өвчнийг эмчлэх эмчилгээний бэлдмэл одоогоор нээгдээгүй.

Галзуугаар өвчилдөг эсвэл вирүс тээдэг зүйлд хамаарах амьтны дайралтад өртөж, хазуулах, уруулах, ноцуулах, самардуулах, шүлсдүүлэх, мөн галзуу өвчтэй амьтны шүлсээр бохирлогдсон эд зүйлсд хүрэх, галзуугийн сэжигтэй болон галзуугаар үхсэн малын арьс шир өвчих, мах эвдэх, түүхий эдэд хүрэх явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдаж, гэмтсэн, шарх авсан хүнийг галзуу өвчний халдварт өртөх өндөр эрсдэлтэй гэж үзнэ.

Урьдчилан сэргийлэлт:

Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга нь вакцин юм. Дэлхий дахинд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх 2 төрлийн вакцин хэрэглэдэг.

Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхэдийн өсгөврийнвакцин нь бэхжүүлсэн Rabies вирусийг in vivo орчинд өсгөвөрлөн карболын хүчлээр (фенол) идэвхигүйжүүлсэн вакцин юм.

Дэлхий дахинд жилд 15 сая хүн галзуу өвчнөөс сэргийлэх вакцин тариулдаг.

Манай улсад галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх эсийн өсгөврийн болон эдийн өсгөврийн вакцин хэрэглэдэг. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн дэргэдэх Биобэлдмэлийн үйлдвэр нь 1957 оноос эхлэн  галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх эдийн өсгөврийн  вакциныг  үйлдвэрлэж хүн ам, эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээг хангасаар ирсэн.

Дэлхий дахинд жилд 15 сая хүн галзуу өвчнөөс сэргийлэх вакцин тариулдаг. Манай улсад 2014 онд галзуугийн сэжигтэй амьтны дайралтад өртсөн 85 тохиолдол бүртгэгдсэнээс 42.4% нь хөдөө орон нутагт амьдардаг малчид зонхилон эзэлж байна.

Галзуу өвчинтэй тэмцэх ажилд хүн, мал эмнэлэг, төр захиргааны байгуулага хамтран арга хэмжээ авах ёстой.Үүнд:

  1. Галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулсан, шүлсдүүлсэн хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг /шарханд анхны цэвэрлэгээ хийж савангаар угаах, иодын уусмал түрхэх, галзуугаас сэргийлэх вакцин, ийлдсийг эмчийн хяналтан дор хийх ба зэрлэг амьтанд уруулж, ноцуулж, шүлсдүүлсэн үед галзуугийн эсрэг эмчилгээний ийлдэс, иммуноглобулиныг вакцинтай хавсарч хэрэглэх/ шуурхай үзүүлэх;
     
  2. Аймаг, орон нутагтаа тандалт судалгаа хийж, хот суурин дахь эзэнтэй нохойг бүртгэн гэрчилгээжүүлж, дархлаажуулах;
  3. Эх уурхайг таслан зогсоох зорилгоор золбин нохой, муур устгах ажлыг зохион байгуулах;
     
  4. Хүн урж ноцсон эзэнтэй нохойг мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж онош тодруулах, 10 өдөр уяж, уг амьтны зан төрхөд ажиглалт хийх ба өвчний шинж тэмдэг илэрвэл уг нохойг устгах арга хэмжээг зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
     
  5. Хүн урж ноцсон, шүлсдсэн золбин нохой, зэрлэг үнэг, чоно, хярсыг алж устган лабораторийн шинжилгээнд хамруулах;
     
  6. Галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд ажиглалт хийх хугацаанд тэдгээртэй харьцаж байгаа хүмүүс халад, хормогч, бээлий, нүдний шил хэрэглэх;
     
  7. Галзуу өвчнөөс сэргийлэх талаар эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх.
     
  8. Галзуугийн сэжигтэй мал амьтанд уруулж ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдол бүрийг тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, ЗӨСҮТөвд 24 цагийн дотор мэдээлнэ.

Галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдол болон галзуу өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн өвчтөнг халдвартын эмнэлэгт эмчилнэ.

Илрүүлэлт: Голомтонд тархварзүйн тандалт судалгаа хийж, халдварын эх уурхайг тогтоон, цаашид авах арга хэмжээг /хүн урж, ноцсон, самардсан, шүлсдсэн нохойг ажиглалтанд авах, уг амьтанд галзуу өвчний шинж тэмдэг илэрвэл алж устган онош тогтоох / шийдвэрлэнэ.

Халдваргүйтгэл:

  • Галзуу өвчний сэжигтэй болон тээгч амьтадын шүлсээр бохирдсон зүйлсийг хлорын шохой, 3%-ийн хлорамин, 0,1%-ийн жавелион, 2%-ийн Виркон, 3%-ийн устөрөгчийн хэт исэл зэрэг уусмалуудын аль нэгээр халдваргүйжүүлэнэ. Эмч, эмнэлгийн ажилтан нар шүлсээр халдвар дамжин тархахаас сэргийлж резинэн бээлий, хамгаалах өмсгөлтэй ажиллана.
     
  • Галзуу өвчний шинж тэмдэгтэй мал, амьтны байр, хэвтэр, бохирлогдсон өвс тэжээл, өтөг бууц, газрын  хөрсөнд халдваргүйтгэл хийнэ.
     
  • Галзуугаар үхсэн мал, амьтны сэгийг шатааж эсвэл халдваргүйжүүлж устгана.

Хөл хорио: шаардлагагүй.

Хавьтлуудыг дархлаажуулах: Голомтод байгаа хүмүүст эрүүл мэндийн үзлэг хийж, тархвар судлалын холбогдолтой болох нь тогтоогдвол /арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан, ил шархтай үедээ галзуугийн сэжигтэй мал, амьтны болон өвчтөний шүлстэй харьцсан/ харъяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад хандан урьдчилан сэргийлэх вакцин, ийлдэс, иммуноглобулиныг зааврын дагуу тариулна.

Эх сурвалж: НЭМХ