Орон орны мөнгөн тэмдэгтүүдийг нэрлэдэг нэрний цаана тухайн улсын түүх, соёл, хэлтэй холбоотой утга учир байдаг.
Дэлхийд алдартай Оксфордын толь бичигний OxfordWords блогт тэдгээрийн нэрнүүдийн утгыг тайлбарлажээ.
Мөнгөн тэмдэгтээ доллар гэж нэрлэдэг АНУ, Австрали, Канад, Фижи, Шинэ Зеланд, Сингапур зэрэг улсууд бий.
Толь бичигт тайлбарласнаар “joachimisthal” гэсэн үг нь Иоакимын хөндий гэсэн Герман үг бөгөөд мөнгө ихээр олборлодог байсан газар аж. Харин “joachimsthaler” гэвэл тэндээс гаргасан мөнгөн зоосны нэр бөгөөд яваандаа зөвхөн “thaler” гэсэн нэр нь үлдсэн нь сүүлдээ доллар болсон гэжээ.
Мексик зэрэг испани хэлтэй орнуудад Песо нэрийг өргөн хэрэглэдэг бөгөөд энэ нь Испаниар “жин” (хүндийн) гэсэн шууд утгатай гэнэ.
Итали болон Туркэд мөнгөн тэмдэгтээ лира гэж нэрлэдэг нь латин хэлний “Libra” буюу фунт гэсэн үг гэнэ.
Германчууд еврод орохоосоо өмнө Марк хэмээх мөнгөн дэвсгэрт хэрэглэдэг байсан. Финландчууд ч маркка нэрээр хэрэглэдэг. Энэ нь мөн л хүндийн жингийн хэмжүүрээс гаралтай нэр гэнэ.
Иран, Оман зэрэг улсуудад мөнгөн тэмдэгтээ риал гэдэг нь Латин хэлний “regalis” буюу “royal” (дээдэс, язгууртан) гэсэн үгнээс гаралтай юм байна.
Мөн Катар, Саудын Араб, Иеменд ингэж нэрлэдэг бол Испанид “reals” гэдэг.
Өмнөд Африкийн ранд нь Өмнөд Африк дахь нэгэн хотын Голланд нэр Witwaterstrand-ээс гаралтай бөгөөд энэ нутаг нь алтаар баялаг газар байжээ.
Хятад, Япон, Солонгос улсуудын мөнгөн тэмдэгтийн нэр “дугуй” гэсэн ханз үсэгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл “дугуй зоос” гэсэн хэлбэрийг илэрхийлсэн нэр аж.
Скандинавын орнууд мөнгөн тэмдэгтээ крон гэж нэрлэдэг. Үүнд Шведийн крон, Норвегийн крон, Данийн крон, Исландын крона, Эстонийн крон (одоо Еврогоор солигдсон) зэргийг нэрлэж болно. Чехүүд ч бас коруна гэдэг. Эдгээр нь бүгд Латин хэлний “corona” буюу титэм гэсэн үгнээс гаралтай.
Иордан, Алжир, Серби, Кувейт улсууд мөнгөн тэмдэгтээ динар гэдэг. Эдгээр нь эртний Ромын үед хэрэглэгдэж байсан мөнгөн зоосны нэр буюу “denarius” юм байна.
Энэтхэг, Пакистанд мөнгөн тэмдэгтээ рупи, Индонезид рупиа гэдэг нь Санскрит хэлний мөнгө (металл) гэсэн утгатай үг.
Британий паунд нь Латин хэлний “poundus” буюу жин гэсэн үгнээс үүсэлтэй. Египет, Ливан, Өмнөд Судан, Судан, Сири улсуудад бас ингэж нэрлэдэг.
Орос, Беларусьт хэрэглэгддэг рубль хэмээх үг нь мөнгөний жинг илэрхийлдэг хэмжүүрийн нэрнээс үүсэлтэй гэнэ.
Польшийн мөнгөн тэмдэгтийг злот гэдэг бөгөөд энэ нь алт гэсэн үг.
Унгарын мөнгөн тэмдэгтийг Италиас гаралтай “fiorino” гэдэг үгнээс гаралтай гэжээ. Энэ нь Флоренцийн алтан зоосны нэр юм байна. “Fiorino” буюу fiore нь Итали хэлэнд цэцэг гэсэн үг. Алтан зоосон дээр цэцэгний дүрс сийлэгдсэн байсан нь үүнтэй холбоотой.
Зоосыг үнэтэй металлаар хийдэг байсан тул хулгайч нар булангаас нь бага хэсгийг эмтлэн авч шинэ зоос хийх гэж оролддог байжээ. Үүнтэй тэмцэхийн тулд улс орнууд зоосондоо арзгар ирмэг хийж эхэлсэн байна. Малайзийн рингит нь энэхүү арзгар ирмэгийн нэр байснаа сүүлдээ мөнгөн тэмдэгтийн нэр болж хувирчээ.
Монголын мөнгөн тэмдэгтийг нэрлэдэг “төгрөг” нь “дүгэриг, дугуй” гэсэн нэрний илэрхийлэл. “Төгрөг саран” (бүтэн сар) гэсэн хэлц үг ч бий. Өөр нэг ерөнхий нэр болох “мөнгө” нь ч үнэт металлын нэр билээ.
Эх сурвалж: OxfordWords, Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!