Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Цаасан мөнгө үүссэн түүх

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хамгийн эртний цутгамал зэс зоос М.Э.Ө 11 дүгээр зууны үеийн Хятадын Шан улсын булшнаас гарч байжээ.

Зэс, мөнгө, алт зэрэг металлаар хийсэн зооснууд дэлхий дахинд арилжааны хэрэгсэл болон өргөнөөр хэрэглэгдэж байлаа. Зоосны давуу тал нь эдэлгээ даадаг, хуурамчаар хийхэд хэцүү, өөрийн үнэ цэнээ алддаггүй байжээ.

Харин дутагдал нь мэдээж олноор авч явахад маш хүнд болдог байв.

Шан улсын булшинд зоос булагдсанаас хойш хоёр мянганы турш Хятадад хүмүүс зоос хэрэглэх, эсвэл бараагаар шууд солилцох замаар худалдаа наймаа хийсээр байжээ.

Зэс зоос нь голдоо дөрвөлжин нүхтэй болсноор олон зоосыг утасаар хэлхэж болдог болсон байна. Том хэмжээний наймаанд худалдаачид хэлхсэн зоосны хэмжээгээр үнэ ханшаа тооцдог болжээ. Энэ нь хэдийгээр зөв шийдэл байсан ч хэт нүсэр ажиллагаа болдог байв.

Тан улсын үед (618-907) худалдаачид хэлхээтэй зоос хэрэглэхийн оронд итгэмжлэгдсэн агентаар дамжуулан том хэмжээний наймаа хийдэг болж, агентууд цаасан дээр худалдаачны төлөх төлбөрийн хэмжээг баталгаажуулсан бичиг үйлдэж өгдөг болжээ.

Төлбөрийн баталгаа болсон уг цаасыг ашиглан шууд бараа худалдан авч болохоос гадна агент дээр очиж зоос болгон солиулж авч болдог байв.

Худалдаа наймаа торгоны зам дагуу өргөжсөнөөр энэхүү энгийн, хялбар төлбөрийн хэрэгслийг хүмүүс илүүд үзэж эхэлжээ. Гэхдээ энэ нь жинхэнэ мөнгөн дэвсгэрт болоогүй л байлаа.

Сүн улсын (960-1279) эхэн үед засгийн газар зоос хадгалах газруудад лиценз олгож эхэлжээ. Тэнд хүмүүс зоосоо үлдээгээд оронд нь цаасан баримт авдаг байв.

Ингээд 1100-гаад оны үед Сүн улсын төр өөрөө энэ эрхийг шууд хянах болж, дэлхийн хамгийн анхны, жинхэнэ утгаараа, засгийн газрын хэвлэсэн цаасан мөнгө гаргаж эхлэжээ.

Уг дэвсгэртийг жяози хэмээн нэрлэж байв.

Хойд Сүн улсын нутаг дэвсгэрээс олдсон Жяози. 10 дугаар зуун.

Сүн улс даруй мөнгөн дэвсгэрт хэвлэх үйлдвэрүүд байгуулж, тэнд нь модон бар болон зургаан өнгийн бэх ашиглаж байжээ. Үйлдвэрүүд нь Ченду, Ханжоу, Хуйжоу, Аньчи гэсэн хотуудад байрлаж цаасаа хийхдээ ялгаатай мяндсан утас дотор нь суулгаж өгдөг байсан нь хуурамчаар үйлдвэрлэхээс сэргийлж байв.

Эхэн үеийн дэвсгэртүүд нь гурван жил болоод хугацаа нь дуусдаг, зөвхөн хязгаарлагдмал нутаг оронд ашиглагдаж байлаа.

1265 онд Сүн улсын засгийн газар үндэсний хэмжээнд ашиглагдах, нэгдсэн стандартаар хэвлэгддэг, алт болон мөнгөөр баталгаажсан дэвсгэрт гаргаж эхэлсэн нь жинхэнэ утгаараа цаасан мөнгө болж байжээ.

Цаасан дэвсгэртийн ханш нь нэгээс нэг зуун хэлхээ зоосны хэмжээнд үнэлэгдэж байв.

Гэвч энэхүү дэвсгэрт нь ердөө есөн жил ашиглагдаж 1279 онд Сүн улс Монголчуудад эзлэгджээ.

Монголын Юань улсын эзэн хаан Хубилай чао нэртэй өөрийн цаасан дэвсгэртийг үргэлжлүүлэн гаргав.

Аялагч Марко Поло энэхүү цаасан мөнгөний талаар гайхан бичсэн байдаг. Гэхдээ Юаний цаасан дэвсгэрт алт, мөнгөөр баталгаажаагүй байсан юм. Богино хугацаанд оршин тогтсон Юань улс цаасан мөнгийг ихээр хэвлэх болсноос эцэстээ инфляцийг хяналтнаасаа алдсан байна. Энэ асуудал тэднийг нуран унах хүртэл буюу 1368 он хүртэл үргэлжилжээ.

Тэднийг залгамжилсан Мин улс (1368-1644) мөн адил үнэт металлаар баталгаажаагүй цаасан дэвсгэрт хэвлэж байсан ч 1450 онд үүнийгээ бүр мөсөн зогсоожээ. Ингээд Мин улсын оршиж байсан дийлэнх цаг хугацаанд Испанийн худалдаачдын их хэмжээгээр авчирсан Мексик, Перугийн мөнгөн ембүү гол арилжааны хэрэгсэл болсон юм. Мин улс унахынхаа өмнөх хоёр жилд л дахин цаасан дэвсгэрт хэвлэсэн нь Ли Зичений босогчдоос өөрийгөө хамгаалах гэсэн эцсийн оролдлого байжээ.

Ингээд Хятад орон 200 гаруй жил дахин цаасан дэвсгэрт хэвлээгүй юм. 1890 онд Манж Чин улс юанийг хэвлэж эхэлснээр Хятадад дахин цаасан мөнгө хэрэглээнд орж байсан түүхтэй.

 

Эх сурвалж: AsianHistory.About.Com