Монголын уламжлалт шашин, соёл, мэдлэг ухааныг дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, нийгмийн сайн сайхны төлөө хүнлэг энэрэнгүй, ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх, улс орныхоо онцлог давуу талыг шингээсэн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн технологийг дэлхийн бусад улс орнуудад таниулан сурталчлах зорилгоор Монгол Улсын Их Сургууль, Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.
Санамж бичиг үзэглэх ёслолын үеэр Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж “Монгол хүний оюуны чадамж, өвөг дээдэс маань хойч үе, бидний төлөө зориулсан хөдөлмөрийг олон хүнд хүргэх, энэ цаг үеийн гүүр болох хувь, хариуцлага бидэнд оногдсон. Үүнийг нэр төртэйгөөр хийх боломж бидэнд байна” хэмээгээд цаашид олон чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа онцлов.
МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг “Өнөөдөр бид хамтын ажиллагаагаа албажуулж байна. Албажуулж гэж хэлж байгаагийн учир нь манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа одоо эхэлж байгаа биш, олон жилийн түүхтэй.
Анх 1957 онд МУИС-д Төвд хэлний анги нээхэд тухайн үеийн Гандантэгчэнлин хийдийн лам, хуврагууд хичээл зааж байсан түүхтэй юм. Түүнээс хойш судалгаа шинжилгээ зэрэг олон зүйл дээр өргөн хүрээнд хамтран ажиллаж байсан арвин туршлага бидэнд байна.
Өнөөдөр үзэглэж байгаа энэхүү санамж бичиг бидний хамтын ажиллагааг дараачийн шинэ шатанд гаргах, өргөжүүлэх зорилготой”-г тэмдэглэн улсаараа овоглодог цорын ганц сургуулийн хувьд хэд хэдэн зүйлийг үүрэг, зорилго болгож буйн нэг нь Монгол судлал байдаг. Түүнчлэн нийгэмд үйлчлэх, нийгмийг соён гэгээрүүлэх чиг үүргийг ч манай эрдмийн хамт олон гүйцэтгэдэг юм. Тиймээс энэ чиглэлд хамтран ажиллахад манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа нийцэж байна гээд Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийг МУИС-д зочлохыг урилаа.
Эх сурвалж: Монгол Улсын Их Сургууль
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!