Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Удвал: НӨАТ-ын хэмжээ манай улсад өндөр байна. Хоёр хувийн буцаан олголт, сугалааг болиулах хэрэгтэй

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас татварын багц хуульд бизнес эрхлэгчдийн өгсөн санал дүгнэлтийг танилцуулах хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, "Наран трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Удвал НӨАТ-ын талаар өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "НӨАТ-ыг ард түмэн төлдөг, бизнес эрхлэгчид биш. Худалдан авалт бүрд НӨАТ төлөөд улсад төвлөрүүлж өгдөг харилцаа явж байдаг. 

Одоогийн байдлаар хэрэглэгчээс НӨАТ авч улсад төвлөрүүлдэггүй маш олон байгууллага бий. НӨАТ-ын шинэчилсэн хуулиар албан татвар суутган төлөгчийг 50 сая төгрөгөөр суутгадаг байсныг 400 сая болгох гэж байгаа нь маш буруу. Үүний цаана НӨАТ-ыг цуглуулж авдаггүй, хэдэн төгрөгийн борлуулалт хийж байгаа нь мэдэгдэхгүй маш олон байгууллага үүсэж хуулийн цоорхой гарна.

Борлуулалт, үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж бүр НӨАТ төлөгч байх ёстой. Харин татварын хэмжээг 5 хувь болгож бууруулснаар татварын бааз суурь бий болж, иргэд хожно. Ингэснээр улсад орох орлого буурахгүй гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

Улсад татвар төлж буй хүмүүс цөөрсөөр байгаа. Жишээлбэл манай компани ил тод худалдаа хийж, НӨАТ-ын 10 хувийг хэрэглэгчээс нэмж аваад улсад цуглуулаад өгдөг. Гэтэл ил тод худалдан авалт хийж, НӨАТ-ын баримт хэвлэдэг газраас хүмүүс бараа авахаа больж байна. Яагаад гэвэл хэн 10 хувь илүү төлж бараа авахыг хүсэх юм бэ. Тиймээс НӨАТ төлдөггүй захаас бараа худалдан аваад байгаа юм. 

НӨАТ-ын хэмжээ манай улсад өндөр байна. Сингапурт энэ төрлийн татвар долоон хувьтай байдаг. НӨАТ 10 хувь байгаа нь бизнес эрхлэгчдийг хумих бодлого. НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт болон сугалааг болиулах хэрэгтэй. Сугалааны цаана шударга бус байдал явж байна" хэмээн ярилаа.