Монголын ажлын байрны үндсэн платформ Zangia.mn-ээс хоёр сар тутам зохион байгуулдаг “HR Event & Networking” энэ жилийн эхний арга хэмжээ болж, бизнесийн салбарын захирал, хүний нөөцийн удирдах ажилтан, мэргэжилтэн зэрэг 300 гаруй хүн оролцлоо.
Арга хэмжээг нээж Zangia.mn-ийн Захирал Т.Баяр 2024 онд хэрэгжүүлж буй идэвхтэй 18 төслийн тухай болон 2025 онд зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн тухай ирсэн зочдод танилцууллаа. Түүнчлэн өнгөрөгч 2024 онд Zangia.mn-ийн харилцагч 10 мянган байгууллага нийт 291 мянган ажлын байр зарласан бөгөөд 3,9 сая гаруй СV-ийг Zangia.mn-ээр дамжуулан байгууллагууд хүлээн авчээ.
Энэ удаагийн арга хэмжээнд Үнэт санхүүгийн нэгдэл, ТУЗ-ийн дарга Д.Бадрал, AПУ ХК-ийн Хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо нар үндсэн илтгэгчээр оролцож, “Өндөр бүтээмжийг хэрхэн бий болгох вэ” болон Хүний нөөцийн стратеги, үүсгэж буй үнэ цэнийн тухай ололт, амжилтаасаа хуваалцаа.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүний нөөцийн хомсдол нэмэгдэж, ажиллах хүчний олдоц огцом буурч буй нь хөдөлмөрийн зах зээлд томоохон сорилт үүсгэж, байгууллагууд өндөр ур чадвартай ажилтнуудыг илүү ихээр шаардсаар байна. Ийм нөхцөлд ажиллах хүчний дутагдлыг зөвхөн шинэ ажилтан нэмэх замаар шийдэх боломжгүй болж, одоо байгаа ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх нь хамгийн үр дүнтэй шийдэл болон хувирч байна гэдгийг Үнэт санхүүгийн нэгдэл, ТУЗ-ийн дарга Д.Бадрал онцлов.
Тэрбээр “Одоо байгаа чадварлаг ажилтнуудаа хөгжүүлэн, механик процессыг нь буруулан ажлаас халшрах хам шинжийг нь буруулах нь хамгийн чухал. Үүний тулд ажлыг хөнгөвчлөх технологидоо хөрөнгө оруулж, ажилтнаа чадавхжуулъя ” гэв.
Харин AПУ ХК-ийн Хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо “Embedding the HR strategy into HR value chain” буюу Хүний нөөцийн стратеги, үүсгэж буй үнэ цэнийг онцлохдоо “Хүний нөөцийн стратеги, үйл ажиллагааг тест шиг шалгаж үзээд, зах зээлд нөлөө өгч буй эсэхийг нь үргэлж хянаж байх хэрэгтэй. Хэрвээ үр дүнгээ өгөхгүй бол тухайн стратегиа дахин сайжруулах чиглэлд ажиллах нь чухал. Энэ компанийн бизнесийг ирээдүйд тогтвортой байлгах чухал үүргийг гүйцэтгэх юм” гэв.
Өөрөөр хэлбэл таны бизнес амжилттай байх эсэх нь ажилтнуудын сэтгэл ханамж, тэдний чадвар, гүйцэтгэлтэй шууд хамааралтай гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.
“HR Event & Networking” нь хоёр сар тутам зохион байгуулах бөгөөд ирэх дөрөвдүгээр сард дараагийн арга хэмжээгээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!