Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Монгол Улсын өнөөгийн зээлийн нөхцөл байдалтай холбоотой тулгарч буй асуудлын танилцуулж, өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "2024 онд эдийн засагт импорттой холбоотой өөрчлөлт гарч асар ихээр нэмэгдсэн. Жишээлбэл 2024 оны нэгдүгээр сард 369 сая ам.долларын хэрэглээний бараа импортолж байсан бол өнөөдөр 402 сая ам.долларын бараа худалдан авсан байна. Тэр дундаа суудлын автомашины худалдан авалт 16 хувиар өссөн.
Импортыг хамгийн их урамшуулж байгаа зүйл бол зах дээр байгаа мөнгөний хэмжээ юм. Иргэд болон аж ахуйн нэгжийн авч буй зээлийн хэмжээ 2025 оны нэгдүгээр сарын өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар нэмэгдсэн.
Цалингийн зээл 44 хувиар, тэтгэврийн зээл 29 хувиар өссөн байна. Банкнаас гарч буй зээлийн 31 хувь нь зөвхөн хэрэглээнийх байгаа. Хэрэглээний зээл явсаар байгаад машин худалдан авахад хүргэдэг.
Хамгийн ноцтой нь банк, банк бус санхүүгийн байгууллага дээр давхар зээлтэй 350 мянган хүн бий. Үүний өр, орлогын харьцаа 80 хувьд хүрч, санхүүгийн эрүүл тогтолцоо алдагдсан. Энэхүү харьцаа жирийн үед 55-60 хувь байснаар эрүүл тогтолцоотой явдаг. Угтаа манай Санхүүгийн зохицуулах хороо ажлаа дутуу хийж байна гэсэн үг. Ойрын хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооноос өр, орлогын харьцааг бууруулах ажлыг хийнэ гэсэн хүлээлттэй байгаа.
2025 онд манай улс 100 сая тонн нүүр экспортлох хэрэгтэй. Тухайлбал Шивээхүрэн боомтоор экспортолж буй нүүрсний хэмжээг 10 сая тонноор нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Мөн Гашуун сухайтын хил холболтыг заавал хийх хэрэгтэй. Цаашдаа Монголын эдийн засаг буурлаа гэх яриа зөвхөн нүүрсний үнийн өөрчлөлтөд дээр гарна" гэх мэдээллийг өгөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!