Өнгөрсөн оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваанд барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан бөгөөд улсын комисст хүлээлгэн өгчээ.
Уг үйлдвэрийн тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг "Морингийн даваанд хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойш улсын комисс хүлээж авсан. Цаашид Улаанбаатар хот барилгын хог хаягдлыг уг цэгт хүлээн авч буцааж барилгын материал болгоод ангилж гаргах юм" хэмээв.
Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн нэгжийн зохицуулагч Б.Чандман "Морингийн давааны хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны санхүүжилт болон Европын Холбооны буцалтгүй тусламжаар баригдсан. Захиалагч тал нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар.
Төсөл нь гурван багц гэрээтэй. Оффис, гарааш, авто зам, хашаа, гэрэлтүүлэг, 5.5-8.5 сая тонн хог хаягдлыг дарж булшлах, мембран, эрүүл ахуйн шаардлага хангасан ландфилын талбай, шүүрэн цуглуулгатай байгууламжийг ашиглалтад оруулаад байна.
Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр нь өдөрт 100 тонн хогийг буталж, дахин боловсруулан 20-40мм-ийн хайрга болгож эдийн засгийн эргэлтэд оруулах юм.
Уг үйлдвэрт Герман улсад үйлдвэрлэгдсэн экскаватор, бульдозер зэрэг 29 нэр төрлийн машин механизмыг нийлүүлсэн. Улаанбаатар хотын төвлөрсөн гурван хогийн цэгт эдгээр машин, механизм ажиллаж байгаа" гэж танилцуулав.
Урт цагааны барилгууд, S'Outlet дэлгүүрийг нураасан хогийг үйлдвэрт дахин боловсруулах хүчин чадалтай экскаваторууд ажиллаж байгааг тэрбээр тодотголоо.
Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг бөгөөд нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгадаг байна. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!