Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр хэдхэн хоногийн дараа болох гэж байна.
Энэхүү баярын үеэр настан буурлууддаа золгохоор орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг тул цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний дүрмээ баримтлан явахыг санууллаа.
Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар(НЦУГ)-ын Эргүүл хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Даваадорж "Орон нутгийг зорьж буй иргэд баталгаат зам маршрутаар явах, машины хөдөлгөөн ихсэх тул хурдаа тохируулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрмээ баримталж зорчихыг анхааруулж байна" гэсэн юм.
Түүнчлэн Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НБОГ)-аас "Сар шинийн баяраар зул хүж ихээр барьдаг. Зулаа бариатай чигтээ үлдээж гарснаас үүдэж гал гарах тохиолдол бий. Хөдөө настан буурал, хамаатандаа золгохоор очихдоо зам товчлохоор гол мөрний дээгүүр явдаг. Өнөөдрийн байдлаар гол мөрний мөсний даац нимгэрсэн байгаа. Иймээс баталгаат зам гүүрээр зорчино уу.
Шинийн 1-ний өдөр нар харна гээд олуулаа хотоос гарцгаадаг. Энэ үедээ дулаацаж байна гээд гал асаачихдаг, түүнийгээ бүрэн унтраагаагүйгээс болж түймэр гарах ч эрсдэлтэй. Иргэд алхам тутамдаа сэрэмжтэй байснаар аюул ослоос сэргийлж чадна. Мөн мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээ мэдээлэл, заавар зөвлөмжийг дагаж ажиллаасай гэж хүсэж байна" гэлээ.
Мөн баярын өдрүүдэд ууц мах, цай чанах, бууз жигнэх зэргээр цахилгаан хэрэгслийн хэрэглээг хоёр дахин нэмэгдүүлэх хандлагатай байдаг тул цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!