Statista.com-ийн мэдээллээр 2010 онд дэлхий даяар 270 сая тонн хуванцар хаягдал үүсэж байсан бол 2021 онд энэ тоо 400 сая тонн болж өсжээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр үйлдвэрлэгдсэн бүх хуванцар задарч дуусаагүй, хүрээлэн буй орчинд бохирдол үүсгэсээр байгаа. Энэ нь зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд шийдвэрлэх ёстой хямралын хэмжээнд хүрсэн асуудал болоод байна. Олон улсад эрчимтэйгээр хэрэгжүүлж буй нэг шийдэл нь дахин боловсруулалт юм.
Монгол улсад хуванцар хаягдлыг дахин боловсруулах 20 орчим үйлдвэр байдаг ч түүхий эдийн хомсдол, ангилан ялгалтын соёл дутмаг, цуглуулалт, тээвэрлэлтийн нэгдсэн систем хангалттай хөгжөөгүйгээс үйлдвэрүүд ердөө 5%-ийг л боловсруулж байна.
Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Европын Холбооны санхүүжилттэй "Монгол Улс дахь хуванцар дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах (SPRIM)” төслөөс тогтолцооны түвшинд олон ажил хэрэгжүүлсний нэг нь МУ-ын хэмжээнд үүсэж буй нийт ус, ундааны хуванцар хаягдлыг 100% дотооддоо дахин боловсруулах хүчин чадалтай Ти Эм Эл Пластик үйлдвэрийн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч “Эс И Эс Эл Смарт Солюшн” ХХК-тай хамтран хөгжүүлсэн “RE+” аппликейшн юм.
RE+ апп нь хог хаягдлаа хэрхэн ангилах, дахин боловсруулах талаар мэдлэгийг олгож дахивар хаягдлаа дуудлагаар тээвэрлүүлэн, хог хаягдлыг бууруулан байгаль орчинд ээлтэй хэвшлийг суулгах зорилготой дахивар цуглуулах дижитал платформ юм.
“Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн менежер Б.Санчиргарав:
"Манай судалгаагаар хуванцар дахин боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Үүний гол шалтгаан нь хоёрдогч түүхий эдийн нийлүүлэлт тасалдал байдаг. Тиймээс бид энэ асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулахын тулд цахим шийдэл санал болгож RE+ аппликейшнийг хөгжүүлсэн."
RE+ апп нь дараах үндсэн гурван бүрэлдэхүүнтэй:
Хэрэглэгч хэрхэн ашиглах вэ?
Хувь хэрэглэгч, албан байгууллага, СӨХ дараах сонголтуудаас нэгийг ашиглаж хуванцраа дахин боловсруулах боломжтой:
✔ Дуудлагаар дахивраа ачуулна
✔ Суурин цэгүүд дээр очиж тушаана
✔ Хуваарьт зогсоолд хүргэнэ
✔ Орон сууцны хог ангилах саванд байршуулна
Хэрэв ямар хог хаягдлыг хэрхэн ангилахаа мэдэхгүй бол аппликейшнээс алхамчилсан заавар мэдээлэл авах боломжтой. Хуванцар хаягдлынхаа бар кодыг уншуулж Монгол улсад дахин боловсруулагддаг савлагаа мөн эсэх, үйлдвэрт хэдэн төгрөгөөр авдаг болон дахин боловсруулснаар байгаль орчинд үзүүлж буй өөрийн нөлөөгөө тооцоолуулж, оноо цуглуулах боломжууд бий.
Энэхүү аппликейшн нь зөвхөн дахин боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэх төдийгүй, олон нийтийн хариуцлагатай хэрэглээг бий болгож, хог хаягдлын боловсролыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
2023-2024 онд аппликейшны хөгжүүлэлт хийгдсэн бөгөөд 2025 оны 1 сард "Монгол Улсад хуванцар дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслийн багаас тус платформын үйл ажиллагааг цаашид хариуцах "Эс И Эс Эл Смарт Солюшн" ХХК-д сургалт орж албан ёсоор хүлээлгэн өглөө.
RE+ аппликейшн нь Google Play Store болон iOS App Store дээр тус тус байршсан ба 2025 оны 2-р улирлаас эхлэн тээвэрлэлтийг эхлүүлж үндэсний хэмжээнд хэрэглээнд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
TML Plastic үйлдвэрийн маркетингийн менежер Б.Анударь:
“Бид эхний ээлжид хуванцар хаягдлаа ангилж хэвшсэн хамтрагч СӨХ, ААНБ-ууддаа жижгэрүүлсэн системээр цуглуулалтыг хийж аппликейшний ажиллагааг туршина. Үүний үр дүнд тулгуурлан нийслэл хот, улсын хэмжээнд шат дараатайгаар дахиврын тээвэрлэлтийг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа ба зөвхөн ус, ундааны хуванцраар зогсохгүй бусад дахиврын төрлийг ч нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.”
RE+ аппликейшн нь Монгол улсад хуванцар дахин боловсруулах тогтолцоог шинэ түвшинд гаргах анхны нэгдсэн дижитал систем болж байна. Энэ бол зөвхөн нэг аппликейшн бус, манай улс хуванцар хаягдлын эсрэг гаргаж буй шинэ соёлын эхлэл юм.Таны нэг дарсан товч тасралтгүй нэмэгдэж буй хуванцрын бохирдлыг зогсоож, дахин боловсруулах боломжийг бүрдүүлнэ. RE+ аппликейшнийг татаж хэрэглэн хуванцар хаягдлыг шийдэхэд гар бие оролцоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!