Уншиж байна ...
Зураг
Зураг

“ХААН” хэмээх уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ

ikon.mn
1 цаг 47 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрсөн мянганы эхэн XIII-XIV зууныг Монголын эзэнт гүрний нөлөөгөөр Евразид оршин суугаа энгийн ард иргэдийн ахуй амьдрал дахь энх амгалан үе гэж үздэг. Зүүн өмнөд Азиас зүүн Европ хүртэлх өргөн уудам газар нутагт худалдаа наймаа, шашин шүтлэг, урлагийн хөгжил цэцэглэлт, түүхийн тэмдэглэл, соёлын томоохон солилцоо явагдсан тус цаг үеийг хүн төрөлхтний түүхийн тэмдэглэлд “Пакс Монголика” хэмээн нэрлэдэг. Энэ үеийн хамгийн алдартай Хаан бол Далай хаан Хубилай юм. Түүний зарлигаар өдгөө бидний судалгааны эх болох Их Монгол улсын гурван үеийн Чингис, Өгөөдэй, Хубилай их хаадын эш хөрөг бүтээл Монгол зураач Хорихусуны гараар зурагдсан билээ.

Эш хөргөөс “Хубилай хаан авд мордсон нь” хэмээх Торгон дээр зурсан 182.9х104.1 см хэмжээтэй бүтээл болон бусад археологийн судалгаа, эд өлгийн зүйлс бидэнд үлдсэн билээ.

Орчин цагийн Монголчууд бидний хувьд өөрийн Их Хаадын дүр төрх зан байдлыг нарийн судалж, эрхэмлэн дээдлэн бүтээх нь чухал гэдгийг биднээс өмнө эрдэмтэн мэргэд захиж тэмдэглэн үлдээсэн. Түүний хамгийн чухал нотолгоо болох бүтээл Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 1937 онд бүтээсэн “Чингис хаан” хөрөг бүтээл (Зарим сурвалж Талын Баатар нэртэй бүтээл гэж үздэг) болон Алдарт “Өвгөн хуурч” гэх хоёр бүтээл болно.

Тэр дундаа Өвгөн хуурч бүтээлийг анх зуруулах саналыг Их зохиолч, Билгүүн номч Б.Ринчен Ардын зураач Ү.Ядамсүрэнд илэрхийлснээр “Өвгөн хуурч” бүтээл бүтсэн түүхтэй. Өнгөрсөн зууны дунд үеийн хэцүү цагт Их хааны нэрийг дурдах судлах, бүтээх боломжгүй учир хүндэтгэсэн илэрхийллээр тухайн бүтээлийг зурсан хэмээн өнөө цагийн урлаг судлаачид үздэг.

зураг
 

Орчин цагт олон уран бүтээлчдэд Их хаадынхаа дүрийг бүтээх хүсэл тэмүүлэл байсаар ирсэн. Хэдий тийм ч энэ нь амар ажил биш юм. Учир нь Их хаадын дүр, төрх байдал нь олны зүрх сэтгэл, оюун санаанд шүтээн мэт хэдийнээ оршсон байдаг тул тэрхүү итгэл үнэмшилд нийцэх бурханлаг дүр төрхийг уран зураг баримлаар бүтээх нь уран бүтээлчдээс хүчин чармайлт, судалгаа, зүтгэл хэрэгтэй.

Мөн Тайванд хадгалагдаж буй тухайн сурвалжийн эш хөргүүд хавтгай дүрслэлтэй, цээж хөрөг тул дүрийн зан байдал, хувцас хэрэглэл, чимэг зүүлтийн тухай нарийн тодорхойлоход учир дутагдалтай байдаг. Тиймээс их хаадын хөргийг уран зураг, баримал болгон бүтээхдээ хувцас, эдлэл хэрэгсэл, чимэг зүүлт, унаа морьдыг судалж олон талын эх сурвалжтай харьцуулан,  зан байдлыг нарийн дүрслэн гаргах нь чухал юм. 

зураг
 

Зураач Т.Одон, А.Ууганбаяр, барималч Ж.Түмэнчулуун нар Их Хаадын дүрийг уран зураг, баримлын бүтээлээр илэрхийлэхдээ Тайванийн Тайпэй хотын үндэсний музейд хадгалагдаж буй Чингис, Өгөөдэй, Хубилай их хаадын эш хөргийг үндэслэн Монгол хүний сэтгэлгээнд нийцсэн, өмнөх цаг үеийн уран бүтээлчдийн судалгаа, дүрслэлийг шингээсэн “Хаан” хэмээх уран бүтээлийн үзэсгэлэнг олонд хүргэж байна. Тус  үзэсгэлэнгээр дамжуулан Нийтийн оюун санаа, зүрх сэтгэлд шүтээн мэт оршин байх Их хаадын дүр төрхийг улам батжуулан түүхэн ач холбогдлыг таниулан дэлгэрүүлэх болно.

“ХААН” хөрөг дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн тухай:

Энэхүү бахархлыг түгээн дэлгэрүүлэх таниулах зорилготой “ХААН” хөрөг бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн Чингис хаан музейн нэг давхрын үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд хүрч эхлээд байна.

Тухайн үзэсгэлэн нь Монголын эзэнт гүрний түүхэн сурвалж, зохиол бүтээлийг судлан Тайванийн Тайпэй хотын үндэсний музейд хадгалагдаж буй Их Монгол улсын гурван үеийн Чингис, Өгөөдэй, Хубилай гурван их хаадын эш хөрөг (Юань гүрний ордны Монгол зураач Хорихусун), Юань гүрний ордны зураач Лю Гуандаогийн “Хубилай хаан авд мордсон нь” бүтээл, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн “Чингис хаан”, “Өвгөн хуурч” зэрэг түүхэн бүтээлүүдийг үндэслэн судалж дараах уран бүтээлчид:

  • МУЭ-ийн гишүүн, МУЭ-ийн нэрэмжит шагналт, Зураач Туяагийн Одон
  • МУЭ-ийн гишүүн  Зураач Амгаланбаярын Ууганбаяр
  • Уран Барималч Жамъянсүрэнгийн Түмэнчулуун тус бүр өөрийн оюун санаа, дүрслэл, зохиомжийг боловсруулан уран зураг,  уран баримлаар Хаадын дүрийг бүтээж олон нийтэд хүргэж байна.

Нийт 20 гаруй уран бүтээлийг үзэж сонирхохоос гадна Их хаадын дүрүүдийн төрх, зан байдлыг урлагийн бүтээлээр хэрхэн илэрхийлснийг та бүхэн энэхүү үзэсгэлэнгээс мэдрэх болно.

ХААН үзэсгэлэн нь энэ сарыг дуустал Чингис Хаан музейн нэг давхрын үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд хүрэх болно.

Үзэсгэлэнгийн куратор: Д.Төмөрсүх

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.