Уншиж байна ...
Зураг
Зураг

Украины дайныг дуусгах тухай АНУ-ын санаачилсан тогтоолын төслийг НҮБ дэмжсэнгүй

Т.Давааням, ikon.mn
2 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины дайн эхэлсний гурван жилийн ойг тохиолдуулан Даваа гарагт НҮБ-ын ерөнхий ассамблей уг мөргөлдөөнийг дуусгахыг уриалсан тогтоолыг баталжээ.

Ингэхдээ АНУ болон Европын орнууд хоёр өөр тогтоолын төсөл санаачилснаас ерөнхий ассамблей АНУ-ынхыг дэмжихээс татгалзаж, Европын төслийг дэмжсэн байна.

Хоёр тогтоолын төсөл Украины дайныг дуусгаж, энх тайван тогтоох ижил уриалгатай байсан ч АНУ-ынх нь Оросын эзлэн түрэмгийллийн талаар огт дурдаагүй, Европынх нь Оросын цэргийг Украины нутаг дэвсгэрээс нэн даруй гарахыг шаардсан агуулгатай байжээ.

НҮБ-ын ерөнхий ассамблейн тогтоол нь хууль эрхзүйн чадамжгүй ч дэлхий нийтийн үзэл бодол, хандлагыг илэрхийлэх чухал барометр болдог.

АНУ-ын санаачилсан төсөл дэмжигдээгүй нь ерөнхийлөгч Трампын засаг захиргааны хувьд томоохон ухралт болж байна.

Гэхдээ тогтоолыг 93 улс дэмжиж, 18 улс эсэргүүцэж, 65 улс түдгэлзсэн нь Украины дэмжлэг өмнөхөөсөө суларсныг харуулж байгаа юм.

Өмнөх тогтоолыг батлахад дэлхийн 140 гаруй улс Оросын эзлэн түрэмгийллийг буруушааж байжээ.

Тогтоолыг батлах үеэр Украины гадаад хэргийн дэд сайд Мариана Бетса “Бид Украины эсрэг Оросын эзлэн түрэмгийлэл хэмээх энэхүү сүйрлийн гурван жилийн ойг тохиолдуулан дэлхийн бүх улс орнуудад НҮБ-ын дүрэм, хүн төрөлхтөн, шударга ёс, бат бэх энх тайвны талд зогсохыг уриалж байна” гэж мэдэгджээ.

Харин АНУ-ын НҮБ дахь төлөөлөгч Дороти Ши хэлсэн үгэндээ Оросыг буруушааж, Оросын цэргийг гаргахыг шаардсан агуулгатай өмнөх хэд хэдэн тогтоол “дайныг зогсоож чадаагүй” бөгөөд үүний улмаас “дайн хэтэрхий удаан үргэлжилж, Украин, Орос болон бусад улс орнуудын ард түмэнд дэндүү их хохирол учруулж байна” гэж анхааруулсан байна.

“Бидний гол зорилго бол НҮБ-ын бүх гишүүн орнуудын дайны галыг урт удаан хугацаанд зогсоох амлалтыг харуулсан тогтоол батлах юм” гэж тэр хэлжээ.

Дээрх үзэл бодлын зөрүү нь Атлантын далайг дамнасан холбоотнуудын эвсэлд хагарал гарсныг харуулж байна.

Трамп өнгөрсөн долоо хоногт ОХУ-тай харилцах АНУ-ын бодлогыг эрс эргүүлсэн алхмуудыг хийж эхэлсэн юм.

Энэ нь Украин болон Европын холбоотнуудынх нь аюулгүй байдлыг ноцтой хохироож мэдэхээр болоод байгаа.

Өчигдөр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон уг асуудлыг хэлэлцэхээр АНУ-ын нийслэл Вашингтон хотод ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан байна.

Уулзалтын дараа Макрон хэлэхдээ талууд Украины дайныг дуусгаж, энх тайван тогтоох ерөнхий зорилго дээр санал нэгдэж байгааг мэдэгджээ. Харин Украинд олон улсын энхийг сахиулагчдыг илгээх санаачилгыг нь дэмжиж оролцохыг АНУ-ын ерөнхийлөгчид уриалснаа тэр энэ үеэр мэдээлсэн байна.

Их Британи, Франц улсууд цэргийн хүчээ Украины аюулгүй байдлын баталгаа болгон энхийг сахиулах зорилгоор илгээх санаачилгыг гаргаад байгаа юм.

Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер мөн уг асуудлыг хэлэлцэхээр Пүрэв гарагт Вашингтонд айлчлах гэж байна.

 

Эх сурвалж: Associated Press