Уншиж байна ...
Зураг
Зураг

Л.Төр-Од: Татварын маргааныг хянан шийдвэрлэх асуудлаар дагнасан шүүх байгуулах ёстой

Н.Эрхбаяр, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас татварын багц хуульд бизнес эрхлэгчдийн өгсөн санал дүгнэлтийг танилцуулах хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тус танхимын зүгээс 250 гаруй аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодоос татварын багц хуулийн шинэчлэлийн талаар санал авч Сангийн яам, Татварын Ерөнхий Газар гэх мэт холбогдох байгууллагууд руу хүсэлт явуулсан байна. Үүнтэй холбогдуулан нийгэмд үүсээд мэдээллийг залруулахаар мэдээлэл өгч буй нь энэ юм.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгч Л.Төр-Од: Манай танхимын гишүүд нэг сая гаруй хүн амыг ажлын байраар хангаж, үйл ажиллагаа явуулдаг. Татварын багц хуулийн шинэчлэл нь манай гишүүдийн эрх ашигтай шууд холбоотой юм. 

Албан татвар нь албан татвар, төлбөр, хураамж гэсэн үндсэн гурван зүйлээс бүрддэг. Татварын багц хуулийн асуудал нь улсын төсөвтэй шууд холбоотой учраас Төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдуулж явна. Засгийн газраас татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн барьсан ч эцэслэсэн гэсэн үг биш. Хуулийн хэлэлцэх явцад саналаа илэрхийлж болно.

Аж ахуйн нэгжүүдээс 12 төрлийн албан татварын асуудлаар 700 гаруй санал гарсан. Үүнийг багцлаад 178 гаруй санал болгож, УИХ-ын ажлын хэсэг, Сангийн яам, Татварын Ерөнхий Газарт хүргүүлсэн байгаа. Үүнд: 

  • НӨАТ дарамт болгож байгаа учраас 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулж, татварын бааз суурийг өргөжүүлэх,
  • Татварын ногдол орлогын суурийг мөнгөн суурьт шилжүүлэх,
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шаталсан хувь хэмжээг байхгүй болгох эсвэл босгыг өндөрсгөх,
  • Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн татварыг шууд хасдаг болох, 
  • Татварын хялбаршуулсан горимд хамрагдах нийт борлуулалтын орлогын босгыг 400 сая болгож нэмэгдүүлэх, 
  • Ажил эрхлэлтийг дэмжсэн хөшүүргийг бий болгох, 
  • Олон улсын татвартай холбоотой туршлагыг нэвтрүүлэх, 
  • Ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл суутгах нь буруу, 
  • Татвар өгөх, шимтгэл төлөх хуулийн хугацааг сар бүрийн 5-нд болгох гэх мэт санал ирүүлсэн.

Аливаа улс орнууд бага орлоготой иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих үүднээс хөдөлмөрийн доод хөлсийг тогтоодог. Манай улс уламжлалт гурван талт хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний хэмжээг тогтоодог. Хөгжингүй улсад хөдөлмөрийн хөлсний хэмжээг долоон өдрөөр тогтоодог. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоон өдрийн байдлаар тооцож тогтоовол илүү оновчтой. Барилгын салбарт ажиллах хүчин хомстож байгаа нь улирлын шинж чанартай холбоотой юм. 

Нийгмийн даатгалын хувь хэмжээг 10 хувь хүртэл бууруулах бүрэн боломжтой. Бизнес эрхлэгчид өөрсдөө татварын байцаагчийн үүргийг гүйцэтгэж байна гэдэг. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын хувь хэмжээг аж ахуйн нэгж байгууллага, ажилтан гээд хоёр удаа төлж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн асуудал юм.

Манай улсын татвар ногдуулалт нь татвар төлөгч болон татварын албан гэсэн үндсэн хоёр зарчимд тулгуурладаг. Эс бөгөөс аж ахуйн нэгж байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтныхаа цалин хөлснөөс суутгаж буй байдлыг буруу гэж үзэж байна. 

Татварын маргааныг хянан шийдвэрлэх асуудлаар дагнасан шүүх байгуулах ёстой. Аж ахуйн нэгжүүд НӨАТ-тай холбоотой маргаан дээр таслан шийдвэрлэх комиссоор ордог нь шударга бус байдлыг бий болгодог. Дагнасан шүүх байгуулахгүй юм гэхэд арбитрын төвөөр шийдвэрлүүлэх боломжтой" гэв.