Уншиж байна ...
Зураг
Зураг

Герман улсын шинэ канцлер Европ нойрноосоо сэрэх цаг болсныг анхааруулж, Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ амлав

Т.Давааням, ikon.mn
1 цаг 51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт болж өнгөрсөн Германы Бундестагийн сонгуульд Христийн Ардчилсан Холбоо намын тэргүүлсэн барууны үзэл баримтлалтай эвсэл хамгийн олон санал авсан.

Даваа гарагт тус намын дарга, Германы дараагийн канцлер болох болзлоо хангаад буй Фридрих Мерц томоохон хэвлэлийн хурал зохион байгуулжээ.

Нам нь дангаар засаглахад хангалттай санал аваагүй тул 69 настай Мерц одоогийн канцлер Олаф Шольцийн тэргүүлдэг зүүн төвийн үзэл баримтлалтай Социал Демократ намтай эвслийн засгийн газар байгуулах яриа хэлэлцээг удахгүй эхлүүлэх юм.

Трампын засаг захиргаа АНУ-ын гадаад бодлогыг эрс өөрчилж, Украины дайны улмаас нийт Европын аюулгүй байдал эрсдэлтэй болсон хүнд хэцүү цаг үед тэр НАТО-гийн гол гишүүн, Европын Холбооны хамгийн хүчирхэг эдийн засагтай улсын удирдлагыг гартаа авах гэж байна.

Мерц нь Германы бүх цаг үеийн удирдагчид дотроос Америкт хамгийн элэгтэй хүн гэгддэг.

Гэхдээ тэр АНУ-ын хэлхээ холбоо суларсан тохиолдолд Европ аюулгүй байдлаа бие даан хамгаалах хэрэгтэйг онцолсон байна.

“АНУ-аас ирж буй бүх дохио тэдний Европыг сонирхох сонирхол буурч байгааг харуулж байна. Хэрвээ үнэхээр “Америк нэгдүгээрт” биш, “Америк ганцаараа” уриатай хүмүүс тэнд давамгайлбал нөхцөл байдал хүндрэх болно. Гэхдээ бид Атлантын далайг дамнасан холбоотны харилцааг хэвээр хадгалж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж Мерц мэдэгджээ.

Берлиний эрх баригчид олон жилийн турш АНУ-ын хамгаалалтад найдаж, Европын батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх Францын эрх баригчдын уриалгыг эсэргүүцдэг байсан.

Тэгвэл Мерцийн засаглалын үед энэ байдал өөрчлөгдөх бололтой.

Тэрбээр Европ тив батлан хамгаалах чадвараа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг илэрхийлэхдээ “Европт шөнө дунд болоход тавхан минут дутуу байна” гэсэн зүйрлэлээр анхааруулжээ.

Мерц өчигдөр бас Украины дайн эхэлсний гурван жилийн ойг тохиолдуулан байр сууриа илэрхийлэхдээ “Европ тив Украины талд туйлбартай зогсох болно. Бид Украиныг улам хүчирхэг болгох ёстой гэдэг үг одоо урьд урьдынхаас илүү үнэн болж байна” гэж хэлжээ.

Тэр бас Оростой байгуулах энхийн яриа хэлэлцээнд Украиныг заавал оруулах ёстойг “Халдлагад өртсөн улс шударга энх тайван тогтоох яриа хэлэлцээний нэг хэсэг байх ёстой” гэж илэрхийлсэн юм.

Мерц мөн Германы сонгуульд Трампын засаг захиргаа нөлөөлөхийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Хэт барууны үзэлтэй AfD (Alternative fur Deutschland) нам саяын сонгуульд 20 орчим хувийн саналаар хоёрдугаарт жагссан юм. Уг намыг Америкийн тэрбумтан Илон Маск идэвхтэй дэмжиж байв.

Өчигдөр Маск сошиал хуудсандаа “AfD сонгуульд ялах нь цаг хугацааны асуудал болжээ” гэж бичсэн юм.

Гурван жилийн өмнөх сонгуульд авч байсан саналаа бараг хоёр дахин өсгөсөн амжилтаараа бахархсан AfD намын дарга Алис Вейдел эвслийн засгийн газарт намыг нь урьж оруулаагүй Мерцийг шүүмжилж байв.

AfD намын энэ өсөлтийг Мерц өчигдөр дүгнэхдээ Германы гол намуудад ирж буй “сүүлчийн анхааруулга” гэж нэрлэжээ.

Гэхдээ тэр цагаачлалын бодлогыг чангатгах AfD намын бодлоготой санал нийлж, өнгөрсөн сонгуулийн кампанит ажлынхаа гол сэдэв болгосон юм.

“Манай улсад хэн нэвтрэх эрхтэй байх талаар бодлогоо бид эргэж харах цаг болсон” гэж тэр өчигдөр энэ талаар мэдэгджээ.

Фридрих Мерц анх 1989 онд Берлиний ханыг нураах үед Германы улс төрд орсон хүн юм. Гэхдээ тэр нам доторх өрсөлдөөнд канцлер асан Ангела Меркельд ялагдсаныхаа дараа 2000-аад оны эхээр улс төрөөс холдож, хувийн хэвшилд ажиллаж байв.

Сүүлд 2020 оны үеэс дахин улс төрд эргэн ирж, 2022 онд Христийн Ардчилсан Холбоо намын тэргүүнээр сонгогдсон юм.

 

Эх сурвалж: Associated Press