"Дайн бол энх тайван. Эрх чөлөө бол боолчлол. Үл мэдэх нь хүч" гэх эшлэл нь төр өөрийн зорилгод нийцүүлэн аливаа үг, ойлголтуудыг гуйвуулж болохыг харуулдаг. Үүн шиг "Худал мэдээлэлтэй тэмцэх төв" нь үнэндээ мэдээллийг хянах зорилготой газар болж хувирах эрсдэлтэй юм…
Эдгээр тохиолдол олныг гайхшируулж битүүхэн айлгаж дуусаагүй байтал Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Худал мэдээлэлтэй тэмцэх төв”-ийг байгуулах гэж буй талаараа энэ сарын 10-ны өдөр мэдэгдэв.
Уг мэдэгдэлдээ тэрбээр ихэд ач холбогдол өгч байснаас харахад энэ зүгээр нэг ярьж өнгөрөх биш хийж эхлээд буй ажил гэдэг нь илт. Аль хэдийн ажлын хэсэг нь гарчихсан ажиллаж байгаа юм байна. Тус төв нь олон нийтийн дунд явж байгаа аливаа мэдээлэл, үнэн зөв, шинжлэх ухааны хувьд батлагдсан эсэхийг батлах зорилготой байх аж.
Эрхэм сайдын хэлснээр “2030 он хүртэл дэлхийн хамгийн том эрсдэл нь худал мэдээлэл байна. Худал мэдээллээс болж нийгэм хуваагдана, нийгмийн эв нэгдэл алдагдана. Маш их зөрчлүүд бий болно” гэв. Түүний хэлсэн үг худал биш ч байгуулах гэж буй төвийнх нь цаад зорилго энэ үнэнтэйгээ нийцэж чадах уу?
Энэ талаар ярьсан нэгэн ярилцлагадаа тэрбээр “Төрийг оролцуулахгүй, цэвэр шинжлэх ухааны байгууллагуудыг татан оролцуулна” гэжээ. Худал мэдээлэлтэй тэмцэхийг буруу гэсэнгүй. Үүнд төр оролцох нь л хамгийн буруу зүйл нь юм.
Төрийн байгуулах гээд буй "Худал мэдээлэлтэй тэмцэх төв" гэгч нь одоогоос хоёр жилийн өмнө нийгэмд шүүмжлэл дагуулж, батлагдан хэрэгжих дөхсөн ч Ерөнхийлөгчийн хоригоор хүчингүй болсон "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн зүсээ хувилгасан хувилбар нь ажээ.
Тодруулбал тус хуулийн Дөрөвдүгээр бүлэгт төр харьяандаа "олон нийттэй харилцах нэгж"-ийг байгуулж, тус нэгж нь зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүлээн авч бүртгэн 72 цагийн дотор хянан шийдвэрлэх, харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, хамтран ажиллах зэрэг үүрэгтэй байсан байна.
Хууль болгон баталж чадаагүй ч яамны харьяа нэг байгууллага болгон зүсийг нь хувиргаж ажил хэрэг болгох гэж буйг тухайн үед энэ хуулийг эрс эсэргүүцэж байсан мэргэжилтнүүд эрх биш танихтайгаа ажээ. Шинжлэх ухааны нэр барин төрийн байгууллага хэрнээ төрийг оролцуулахгүй гэж ярьж байгаа нь ч утгагүй хэрэг юм.
"Худал мэдээлэлтэй тэмцэх төв" байгуулагдвал эхэнд дурдсан жишээнүүд шиг хувь хүний үзэл бодол дээр “Худал мэдээлэл” гэдэг шошго наах, утга учиргүй үндэслэлээр хорьж цагдах үзэгдэл улам өргөн хүрээнд явагдах эрсдэлтэй юм.
Наагуураа төр оролцохгүй, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарна гэж байгаа яваандаа төрд шүүмжлэлтэй хандаж буй мэдээллийг "худал" гэж үзэн хориглож, дарах зорилготой байгууллага болж хувирахыг үгүйсгэхгүй.
Үнэн, худлын заагийг тогтоох гэдэг нь маш төвөгтэй асуудал. Тогтоохдоо хэн, хэрхэн ажиллаж байгааг нээлттэй байлгах нь хамгийн чухал юм. Өөрсдийнхөө үйл ажиллагааг ч ил тод байлгаж чаддаггүй хаалттай төр энэ тал дээр нээлттэй ажиллаж чадна гэж үү?
Эрх чөлөөт нийгэмд иргэд, хэвлэл мэдээлэл, бие даасан байгууллагууд үнэн зөв мэдээлэл түгээх, худал мэдээллийг залруулах үүргийг гүйцэтгэдэг.
Олон улсад баримт шалгах ажлыг голдуу төрөөс тусдаа, хараат бус байгууллагууд гүйцэтгэдэг. Манай улсад ч энэ төрлийн байгууллагууд байхгүй биш байгаа. Тэдгээрийн төлөөллүүд ч мөн адил уг асуудалд шүүмжлэлтэй хандаж дараах жишээг онцолжээ.
📌 2023 онд Бразилын засгийн газраас хуурамч мэдээллийн эсрэг "Brasil contra fake" гэх хөтөлбөр зарласан ба түүнээс хойш долоон сарын хугацаанд хийсэн баримт шалгалтын 52% нь баримт шалгах үндсэн зарчим буюу бие даасан, ил тод нээлттэй, баталгаат эх сурвалжтай байх гэх зарчмыг зөрчсөн байжээ.
Түүнчлэн нийтдээ 168 агуулгад баримт шалгаж түүндээ 506 эх сурвалжийн линк хавсаргасны 70.2% нь засгийн газрын эх сурвалжийг ашигласан байсан аж.
Төр үнэхээр худал мэдээллийн асуудалд санаа зовниж байгаа бол эхлээд өөрсдөө бүрэн нээлттэй болохоосоо эхлэх хэрэгтэй. Төрийн байгууллагууд нээлттэй өгөгдөл, эх сурвалжуудыг иргэдэд хүргэж, баримт шалгах байгууллагуудыг дэмжиж болно. Түүнчлэн олон нийтэд мэдээллийн эх сурвалжийг нягталж сурах, худал мэдээллийг таних ур чадвар олгоход чиглэсэн ажлуудыг хийж болох юм.
📌 Орост "Хуурамч мэдээллийн эсрэг хууль" гарснаас хойш дайны талаар өөр байр суурь илэрхийлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хаагдаж, олон сэтгүүлч шоронд орсон.
📌 Турк, Энэтхэг зэрэг орнуудад төрийн байгууллагууд "худал мэдээлэлтэй тэмцэнэ" гэж зарласан ч эцэстээ шүүмжлэлтэй үзэл бодлыг цензурддэг хэрэгслүүд болсон.
📌 Сингапур улс "Хуурамч мэдээлэл, онлайн хууран мэхлэлтийн эсрэг хууль" баталж, энэхүү хуулийн дагуу төрийн байгууллагууд хуурамч гэж үзсэн мэдээллийг устгах, залруулах эрхтэй болсон. Гэсэн ч энэ хууль нь эрх баригчдад хэт их эрх мэдэл олгож, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй гэсэн шүүмжлэл дагуулсан.
Эдгээр жишээ нь төрийн байгууллагууд "худал мэдээлэлтэй тэмцэх" нэрийн дор шүүмжлэлтэй үзэл бодлыг цензурдэх эрсдэлтэйг харуулж байна. Иймээс худал мэдээлэлтэй тэмцэх үйл ажиллагааг хараат бус, бие даасан байгууллагууд гүйцэтгэх нь илүү үр дүнтэй бөгөөд үзэл бодлын эрх чөлөөг хамгаалахад чухал үүрэгтэй юм.
Төр үнэхээр худал мэдээлэлтэй тэмцэхийг хүсэж байвал шүүгч биш, харин ил тод байдлыг дэмжигч, хараат бус механизмуудыг бэхжүүлэгч байх ёстой.
Төр данхайж, нэг төрийн байгууллагад өч төчнөөн хэрэггүй ажлын байр байгаа талаар шүүмжлэл тасраагүй байхад ахин нэг шинэ бүтэц нээх тухай ярьж байгаа нь Төрийн хэмнэлт, Төрийн албан хаагчдын 30 хувийг цомхотгоно зэрэг шийдвэрүүдтэй авцалдахгүй байгаа юм.
Түүнчлэн ЦХИХХЯ-нд орон даяар 5G сүлжээг нэвтрүүлж, сумдын интернэтийн хүчин чадлыг 10 дахин нэмэгдүүлэх, цаашид баримтлах хиймэл оюуны тухай бодлогоо тодорхойлох, Tier IV ангиллын ногоон дата төв байгуулах, кибер аюулгүй байдлын түвшнээ нэмэгдүүлэх гээд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их орох олон ажил бий. 5G сүлжээний зорилт нь 2023 он гэхэд хэрэгжиж дуусах ёстой байсныг ч сануулъя.
Хийсэн ажлын тоо биш үр дүнг хэзээ чухалчлах вэ?
Эцэст нь 1949 онд бичигдэж, тоталитар нийгмийн анхааруулга болсон “1984” зохиол дээр гардаг хүмүүсийн хэлэх үг байтугай, бодох бодлыг нь ч хянадаг "Үнэний яам"-тай холбоотой эшлэлүүдийг онцолъё.
Манай улс сүүлийн жилүүдэд яг л энэ номон дээрх шиг улс төр, нийгэмтэй болоод буйг анзаарах нэгэн нь анзаарч л буй биз ээ...
1. Үнэн, худлын утгыг төр өөрийнхөөрөө тодорхойлох тухай
"Өнгөрснийг хянагч нь ирээдүйг хянадаг. Одоог хянагч нь өнгөрснийг хянадаг”
Төр мэдээллийн агуулгыг өөрчилж, өнгөрсөн үйл явдлыг хүссэнээрээ засварлах боломжтойг харуулдаг.
2. Үнэний яамны үүрэг
"Үнэний яам нь мэдээ, зугаа цэнгэл, боловсрол, урлагийг хариуцдаг."
Хэрэв төр мэдээ, боловсрол, соёлын салбарыг хяналтдаа авбал, мэдээллийг бүрэн хянах боломжтой болохыг харуулж байна.
3. Хоёр нүүртэй үг хэллэг
"Дайн бол энх тайван. Эрх чөлөө бол боолчлол. Үл мэдэх нь хүч"
Энэ нь төр өөрийн зорилгод нийцүүлэн үг, ойлголтуудыг гуйвуулж болохыг харуулдаг. Үүн шиг "Худал мэдээлэлтэй тэмцэх төв" нь үнэндээ мэдээллийг хянах зорилготой газар болж хувирах эрсдэлтэй юм.
4. Үзэл бодлыг хянах тухай
"Сэтгэхүйн цагдаа түүнийг барих л байсан. Учир нь тэр хамгийн том гэмт хэргийг үйлдсэн. Үүнийг тэд "бодлын гэмт хэрэг" гэж нэрлэдэг."
Хувь хүний бодлыг хүртэл гэмт хэрэг гэж үздэг нь төрийн хяналт хэр гүнзгийрч болохыг харуулдаг.
5. Үнэн ба худлын тухай ойлголтыг өөрчлөх
"Бодитой юм хүний оюун ухаанд л оршино, өөр хаа ч байхгүй. Алдаж болох, өөрчлөгдөж болох нь хувь хүний оюун ухаанд биш Намын хамтын ялагдашгүй оюун ухаанд байдаг юм. Нам үнэн гэж үзсэн болгон үнэн. Намын нүдээр л биш бол үнэнийг олж харах боломж байхгүй"
Энэ нь эрх баригчид бодит байдлыг өөрсдийн хүссэнээр зохиож, олон нийтэд тулгах эрсдэлтэйг харуулдаг.