Уншиж байна ...
Зураг
Зураг

Түүхэнд хамгийн томд тооцогдох криптовалютын хулгайг Умард Солонгосын хакерууд үйлджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт дэлхийн хоёр дахь том крипто арилжааны биржэд тооцогддог 40 сая гаруй харилцагчтай Bybit кибер халдлагад өртсөний улмаас $1.5 тэрбумтай тэнцэх хэмжээний дижитал хөрөнгөө алдсан юм.

Энэ хулгайг нэг удаагийн үйлдлээр хамгийн их хэмжээний дижитал хөрөнгө алдсан тохиолдол гэж үзэж байгаа.

Тэгвэл энэхүү халдлагын цаана Умард Солонгосын хакерууд байсныг мэргэжилтнүүд тогтоожээ.

Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд хакерууд хулгайлсан криптовалютынхаа $160 сая орчмыг Умард Солонгостой холбоотой данснуудад шилжүүлснийг TRM Labs компанийн мэргэжилтнүүд судалж тогтоосон байна.

Энэхүү халдлага нь Умард Солонгосын хакеруудын өнгөрсөн онд хулгайлсан нийт криптовалютын үнэлгээг даруй хоёр дахин өсгөснийг бас мэдээлжээ.

“Бид өмнө нь ийм цар хүрээтэй ажиллагааг хэзээ ч харж байгаагүй. Эдгээр хууль бус санхүүгийн сүлжээнүүдийн их хэмжээний мөнгийг маш хурдан шингээх чадвар нь сэтгэл түгшээж байна” гэж Умард Солонгосын асуудал хариуцсан Холбооны Мөрдөх Товчооны шинжээч асан, одоо TRM Labs компанид ажилладаг Ник Карлсен ярьсан байна.

Умард Солонгосын асар том хакерын арми нь тус улсын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг гол санхүүжүүлэгч болдог гэж АНУ болон Өмнөд Солонгосын албаныхан үздэг.

Тухайлбал Умард Солонгосын дэглэмийн пуужингийн төслийн санхүүжилтийн талыг ийм дижитал хулгайгаар бүрдүүлснийг Цагаан ордны эх сурвалж 2023 онд мэдээлж байжээ.

Bybit компанийн гүйцэтгэх захирал Бэн Жоу компани нь алдагдлаа нөхөх санхүүгийн чадвартай болохыг харилцагчдадаа мэдэгдээд байгаа.

Одоо АНУ-ын мөрдөгчид хулгайлагдсан $1.5 тэрбумын тодорхой хэсгийг буцаан олж авахаар ажиллаж байна.

Нэг эх сурвалжийн мэдээлснээр тэд одоогоор $43 саяыг олж аваад байгаа гэнэ.

Крипто мөрдлөгийн Elliptic компанийн үүсгэн байгуулагчдын нэг Том Робинсон нэмэлт $243,000-ыг буцаах боломжтой болсон талаар мэдээлэхдээ “Далайд дусал нэмэр, гэхдээ энэ бол эхлэл” гэж хэлжээ.

Bybit компани буцаах ажиллагаанд оролцсон мэргэжилтнүүдэд олсон мөнгөний 10 хувийг шагнал болгон өгөхөө амласан юм.

 

Эх сурвалж: CNN