Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Бямбасайхан: Энэ онд Жаргалантын ам, Сэлбэ гол, Бөмбөгөр, Нисэх орчимд үерийн хамгаалалтын далан барина

Д.Янжиндулам, ikon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина гэж Геодези, Усны Барилга Байгууламжийн Газраас/ГУББГ/ мэдээллээ.

ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан "Энэ онд үерийн хамгаалалтын даланг дөрвөн байршилд  хийхээр төлөвлөж байна.

Нэгдүгээр байршил: 2022 оноос эхлэн он дамжин хэрэгжиж буй Жаргалантын аманд 1.8 км үерийн даланг барьж дуусгана. Энэ жил 420 орчим метр далан барьж дуусгана. Эх нярайн Үндэсний төв, Архивын ерөнхий газар орчмыг үерээс хамгаалсан байгууламжийг нь барьж дууссан юм. Энэхүү даланг Жаргалантын амтай холбох бөгөөд авто замын хоёр гаргууртай, 420 орчим метр далан барина.

Хоёрдугаар байршил: Сүхбаатар дүүрэг, 32-ын тойргоос зүүн тийш Сэлбэ гол руу шороон сувагтай. Уг сувгийг инженерийн хийцлэлтэй болгож, ус нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Гуравдугаар байршил: Баянгол дүүрэг, Бөмбөгөр орчмын нурсан 40 метр босоо даланг засварлаж, шинээр барина.

Дөрөвдүгээр байршил: Хан-Уул дүүрэг, Нисэхийн үерийн даланг засварлаж, шинэчилнэ. Тус үерийн далан ус нэвтрүүлэх боломжгүй болсон.

Сүхбаатар дүүрэг, Сэлбэ гол дээр таван шатлалт усан сан барина. Нийт 3.2 сая м/куб ус хуримтлуулах, хоёр хажуугаар шороон далантай, найман далангаас бүрдсэн инженерийн хийцлэлтэй, усыг боож гаргах тохируулгатай усан болох юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 168 километр үерийн далантай. 2040 онд эдгээр үерийн байгууламжийг 450 километр болгохоор төлөвлөсөн.

Байнгын ашиглалтад байдаг 168 километр үерийн далангаас 28 байршлын 70 сувгийн 48,000 м/куб лагийг цэвэрлэнэ. Энэхүү ажлуудыг дулаан байвал гуравдугаар, хүйтэн байвал дөрөвдүгээр сард эхлүүлж, арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байна" гэж танилцууллаа.

Тус газраас өмнөх удаад нийслэл хотын долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрахаар төлөвлөсөн болохыг мэдээлж байсан юм.