Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛЧУУД 1924-1959 ОНД: Онцлох гурван үйл явдал

МОНСУДАР
2016 оны 3 сарын 14
iKon.MN

Бүгд найрамдах засаглал тогтоосон 1924 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх хугацаа бол нүүдэлчин монголчууд нийгэм журамд орж “уулуудыг төдий л өндөрт үзэхгүйгээр үл барам өргөж баруун тийш тавихаас үл татгалзмаар” хувьсгалч үйл ажиллагаануудыг идэвхийлэн явуулж, Монгол оронд орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололтыг нэвтрүүлсэн чухал он жилүүд байлаа.

 

Иймд бид энэ удаа уншигчдын гар дээр очоод удаагүй байгаа “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” номоос онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж байна.

НЭГ: ТУСГААР ТОГТНОЛЫНХОО ТӨЛӨӨ 100 ХУВЬ САНАЛАА ӨГӨВ

Ялтын гурван улсын хэлэлцээрээр болон Сталин Сун Зывэнь нарын хэлэлцээрээр давхар батлагдсан Монголын статус кво, хилийг одоогийн байгаагаар хүлээн зөвшөөрөх уг үндэс нь 1915 оны Хиагтын гэpээний 11 дүгээp зүйл буюу: “Өөpтөө эзэpхсэн Гадаад Монголын газаp болбоос ....урьдах Хүpээний сайд, Улиастайн жанжин, Ховдын сайдын захиpгаанд байсан газpууд бөгөөд Дундад улстай нийлсэн хил нь болбоос Зүүн зүгт Хөлөн буйpын хязгааp, Өмнө зүгт Дотоод Монгол, Баpуун өмнө зүгт Шинжиан мужийн хавь, Баpуун зүгт Алтайн хязгааp лугаа зах нийлсэн Халхын 4 аймаг ба Ховдын хязгааpын олон хошуудын хилээp баймой” гэсэн заалт байв.

Учир нь түүнээс хойш 1945 он хүртэл Монголын хилийн тухай асуудлыг нарийвчлан авч хэлэлцсэн зүйлгүй билээ. 1945 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр Сталин Чан Кайшигийн хүү Зян Зинготой уулзсан бөгөөд энэ уулзалт 1 цаг 40 минут үргэлжилжээ.

Тус уулзалтын төгсгөлд Молотов Чан Кайшигийн хүүгээс ”Гадаад Монголын тусгаар тогтнолыг Хятадын Засгийн газар хүлээн зөвшөөрөх тухай асуудал шийдвэрлэгдсэн үү?” хэмээн асуухад тэрбээр ”Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай Хятадын Засгийн Газрын шийдвэр засгийн газар Нанжинд нүүж ирсний дараа нэгдүгээр сарын эхээр нийтлэгдэх болно” хэмээн хариулжээ.

Хожим Цзян Цзинго ”Миний эцэг” хэмээх номондоо ”Монголын тусгаар тогтнолын асуудлыг та яагаад ингэж уйгагүй тавиад байгаа юм бэ хэмээн асуухад Сталин ”Үнэнийг хэлэхэд Монгол дахь бидний сонирхол бол цэргийн стратегит хамаатай юм, иймээс бидэнд энэ газар нутаг хэрэгтэй байна” хэмээн хариулсан хэмээн бичжээ.

 

Энэ бол монголчуудын хувьд завшаантай явдал болсон бөгөөд 1945 онд Японы эсpэг БНМАУ дайн заpлахдаа Өвөp Монголыг нэгтгэх тухай уpиалга гаpгаж, Х.Чойбалсан 1945 оны найм дугаар сарын 10-ны өдөр Монголын ард түмэнд хандаж радиогоор хэлсэн үгэндээ: “Бид баатар улаан цэрэг болон нэгдсэн улс үндэстний хамт Японы фашистуудыг бүр мөсөн устгаж, Японы түрэмгийлэн эзлэгч нарыг бут цохисны эцэст бүх монголчуудыг эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхтэй нэгэн ах дүү улс гэр болгон нэгдүүлэх явдлыг хангах болно” хэмээн мэдэгдэж байв .

Энэ бүхний үp дүнд 1945 оны аравдугаар саpын 20-нд Монгол оpон даяаp санал асуулга явагдаж, Монголын аpд түмэн тусгааp тогтнолынхоо төлөө 100 хувь саналаа өгсөн юм. Санал асуулгын дүнг 1946 онд Чан Кайшигийн Засгийн газаp хүлээн аваад БНМАУ -ыг хүлээн зөвшөөpч, улмааp мөн оны хоёрдугаар саpын 10-нд Хятад Монголын хооpонд дипломат хаpилцаа тогтоох тухай нот бичиг солилцжээ.

 

Зургийн тайлбар: Аравдугаар сарын аравнаас мөн сарын хорин хүртэл: Чи тусгаар тогтносон эх орондоо хайртай. Би бас тусгаар тогтносон эх орондоо хайртай. Манай бүх ард түмэн энэ өдрүүдэд өөрийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг бүх дэлхийн өмнө гар өргөн батлах гэж байна. Чи энэ өдрийг санаж тусгаар тогтносон эх орондоо хайртай болохоо гар өргөн баталж үзүүлэх хэрэгтэй хэмээсэн үг бүхий зурагт хуудас, 1945 он.

ХОЁР: АЖ ҮЙЛДВЭРИЙН АНХНЫ ЦОГЦОЛБОРЫГ БАЙГУУЛАВ

Монгол, Зөвлөлтийн засгийн газраас томилсон бүрэн эрхт төлөөлөгчид 1929 оны зургаадугаар сарын 27-нд “ЗСБНХУ ба БНМАУ хоёрын хоорондын харилцааны үндсэн зүйлүүдийг батлан тогтоосон гэрээ бичиг”-т гарын үсэг зурсан юм.

Гэрээний эхний хэсэгт “Ард түмний ашиг тусад зориулсан ангийн бодлогыг явуулж өөрийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, үүнд юуны өмнө түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг хөгжүүлмүй” хэмээн онцлон заагаад Монголын хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хувийн аж ахуйтныг хоршоолох, улсаас хоршооллын худалдааг тусгай төлөвлөгөөтэй хөгжүүлэхийг тэмдэглэжээ.

Мөн ЗХУ нь Монгол Улсад малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, мэргэжилтэй ажилчдаар туслах, байгалийн баялаг эрж олох, ашиглахад дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээжээ. Монгол Улсад үйлдвэр байгуулахдаа юуны өмнө “түүхий эд боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлнэ” хэмээн уул гэрээнд заасан юм.

Энэхүү гэрээг биелүүлэх талаар Монголын Засгийн газар 1929 оны зунаас эхлэн хэд хэдэн шийдвэр гаргав. 

Тухайлбал мөн оны аравдугаар сарын 6-нд Аж ахуйн яамыг татан буулгаж, Мал тариалан, Худалдаа ба аж үйлдвэрийн хоёр яам болгож, 1930 оны эхээр ХАҮЯ-наас хэсэг хүмүүсийг ЗХУ-д илгээн Аж үйлдвэрийн комбинат (АҮК) байгуулах боломжийг судлуулжээ.

Үүнээс гадна ЗХУ-ын мэргэжилтнүүдийг Улаанбаатарт урьж авчран АҮК байгуулах нарийвчилсан төлөвлөгөө, барилгын зураг төсөл гаргуулж, урьдчилсан төсөл бэлэн болгосон байна. Тус комбинатыг ЗХУ-ын “Промстрой” (“Аж үйлдвэрийн барилга”) 1930- 1932 онд барьж дуусгахаар төлөвлөжээ.

Гэвч барилгын ажлыг эхлүүлэхдээ хөрсний шинжилгээ хийгээгүйн улмаас барьж буй хэсэгт суулт үүссэн ба зарим хэрэгцээт материалыг ЗХУ-аас татан авчрах нь удааширсан тул тус комбинатын барилга барих ажлыг 1932 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын тогтоолоор түр зогсоосон байна.

Гэвч 1934 оны хоёрдугаар сард тус комбинатын эхний хэсгийг дуусгажээ. Энэхүү АҮК-г барихад Монголын Засгийн газар 10 сая 420 мянган төгрөг, ЗХУ-ын Засгийн газар 7 сая 680 мянган төгрөг зарцуулсан бөгөөд тус АҮК 1934 оны гуравдугаар сарын 26-наас эхлэн туршилтын журмаар ажиллаж байгаад мөн оны тавдугаар сарын 10-наас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэв.

 

Зургийн тайлбар: Аж үйлдвэрийн комбинатын ажилчид өглөө яндангийн дуунаар цуглаж орой яндангийн дуугаар тардаг байв.

ГУРАВ: АРДЫГ ГЭГЭЭРҮҮЛЭХ ЯАМ БАЙГУУЛАГДАВ

1924 оны хоёрдугаар сарын 14-нд Ардыг гэгээрүүлэх яамыг байгуулан, сайдаар О.Жамъян, зөвлөх түшмэлээр Жамсрангийн Цэвээн, эрхэлсэн түшмэлээр Эрдэнэбатхан нарыг томилжээ. Ингэснээр боловсролын асуудал эрхэлсэн удирдах газартай болж, ард олны дунд сургуулийн ач холбогдлыг тайлбарлан таниулах, хүүхэд багачуудыг сүм хийдээс хөндийрүүлэх, ЗХУ-аас багшлах мэргэжилтэн урьж авчрах зэрэг ажлуудыг хийх боломжтой болов.

Эдгээрийн үр дүнд ард олны дундах сургуулийн тухай ойлголт сайжирч байсан учир сургуулийн элсэлтийг албан журмаар явуулж байсныг 1937 оноос зогсоожээ. Мөн хүүхдийг уншиж бичдэг болгох зорилгоор сайн дурын сургуулиудыг 1936 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хичээллүүлж, тэдгээрт 8-15 насны хүүхдийг суралцуулах болжээ. Ийнхүү 1941 оны байдлаар нийт сургуулийн насны хүүхдийн 20 гаруй хувь нь ерөнхий боловсролын сургуульд суралцах болов.

1926 онд дунд сургуулийн 3,4-р ангиас Герман, Франц, Орос Улсад суралцуулахаар 170-аад хүүхдийг явуулсан бөгөөд эдгээр сурагчид тэр үед 14-20 настай байв. Сурагчдыг 1926 онд Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан өөрийн биеэр тэдгээр улсуудад хүргэж өгсөн байна. Эрдэнэбатхан Герман, Франц улсад суралцахаар явсан хүүхдүүдийг хүргэж өгөхөөр Герман улсад очихдоо “Дэлхийн байдлыг үзүүлэн сургах атлас хэмээх зургийн дэвтэр”-ийг хэвлүүлж авчирчээ.

Ийнхүү гадаад орны соёлын жишээнээс шууд суралцах ажлыг эхлүүлсэн боловч удалгүй баруунтан, зүүнтэн гэсэн нугалааны үе эхэлж сурагчдаа Европын орнуудаас татаж, гурав дахь хэлнээс ном орчуулж хэвлэх ажил зогссон юм. Энэ атласыг 1930-аад он хүртэл сургуульд хэрэглэдэг байсан бөгөөд Германд суралцаж байсан хүүхдүүд “Сурагчдын сэтгүүл” хэмээх сэтгүүл гаргаж байснаа Гэгээрүүлэх яаманд ирүүлсэн байдаг.

 

Зургийн тайлбар: Герман, Франц Улсад сурахаар одогсод. Петроград хотын Буддын хийдийн цогчин дуганы өмнө дурсгалын зураг татуулжээ, 1926 он.

Монголчууд цуврал
 

Уг цувралын хүрээнд монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас өнөөг хүртэлх түүхийг гэрэл зургаар баяжуулан уншигчдын хүртээл болгох зорилготой бөгөөд  одоогийн байдлаар 1600-1959 оныг хүртэлх түүхийг өгүүлсэн 3 боть хэвлэгдэн гараад байна. Эдгээр номууд нь дан ганц түүхэн гэрэл зургаас гадна архивын баримт материал, эд өлгийн дурсгал зэрэг олон арван ховор нандин баримтуудыг агуулсан.  

“Монголчууд XX зууны эхэнд”  
“Монголчууд XVII-XX зууны эхэн үе” 
“Монголчууд нийгэм журамд давшин орсон нь”