Шуугианы гарал үүсэл олон янз бөгөөд түүнийг ерөнхийд нь хот суурин газар хүн ам ихээхэн төвлөрөн олширсны үр дагавар хэмээн үздэг.
Шуугианаар орчин бохирдохуй гэдэгт: хүний амьдрах орчинд тархаж бие, сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн физик гарал үүслийн хувьд өөр өөр бөгөөд далайц ба давтамж нь санамсаргүйгээр өөрчлөгдөх эмх цэгцгүй олон авианы цогц байдлаар ойлгож болно.
Дуу, шуугианыг физикийн үүднээс авч үзвэл механик хэлбэлзэл юм. Тэр нь орчинд тархахдаа орчин тойрондоо даралт эсвэл нягтын үечилсэн өөрчлөлтийг бий болгодог. Өөрөөр хэлбэл тархаж буй дууны долгион нь агаарт даралтын хэлбэлзлийг бий болгох ба уг хэлбэлзэл нь сонсголын эрхтэнээр дамжин тархинд очиж боловсруулагдан чанга сул авиа болон сонсогдоно. Дууг тодорхойлох үндсэн тодорхойлогч нь түүний давтамж ба эрчим юм.
Дууны давтамж, дууны даралтын түвшний хэмжээнээс хамаараад дууны долгион хүнд мэдрэгдэх нь янз бүр юм. Хүний сонсголын эрхтэн нь 16-20000Гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Хүмүүсийн ярианы давтамж ойролцоогоор 1,000-5,000Гц-н хооронд хэлбэлздэг ба сонсох боломжтой дууны даралтын хэлбэлзэл 20мкПа-100Па байна.
Дууны даралт ба сонсох мэдрэмж хоёрын хамаарлыг бел гэдэг нэгжээр илэрхийлдэг, практикт децибел (дБ) нэгжийг өргөн хэрэглэдэг. Хүний сонсох хамгийн бага дуу чимээ нь 1,000Гц давтамжтай 20мкПа даралттай байх ба үүнийг сонсголын түвшинг хэмжихэд сонсголын босго хэмжээ - 0дБ гэж нэрлэн, харин өвдөлт мэдрэхгүйгээр сонсож чадах хамгийн их дуу 100Па даралттай байх ба өвдөлтийн босго хэмжээ - 130 дБ болгон ашигладаг.
Хүснэгтээр дуу чимээний зарим нийтлэг төрлүүд , түүний дуу шуугианы түвшинг харуулав.
Шуугианыг үүслийнх нь хувьд байгалийн ба хүний үйл ажиллагаатай хобоотой гэж хуваана.
Модны навч сэрчигнэх, ойн салхи шувуудын жиргээ, ан амьтадын дуу аянга цахилгааны нүргээн, галт уулын дэлбэрэлт хүрхрээ эд бүхэн байгалийн гаралтай шуугианы эх үүсгүүрүүд болно.
Хүний үйл ажиллагаанаас үүдэптэй шуугианы үүсгүүрүүдэд хүрээлэн буй орчиндоо шуугиан үүсгэдэг орчин үеийн бүх л техникийн бүрэлдэхүүн хэсгүүд, төхөөрөмжүүд болоод төрөл бүрийн тээврийн хэрэгслүүд орно. Эдгээр үүсгүүрийн шуугиан хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь түүний түвшин, давтамжийн муж, үйлчлэлийн үргэлжлэл, эд эрхтэнд мэдрэгдэх онцлог зэргээрээ ялгагдана. Дуу чимээний бохирдлын сөрөг нөлөөг шууд мэдэрдэг гол эрхтэн бол чих. Хэдий богино хугацаанд үргэлжилсэн байлаа ч гэнэтийн чанга дуу хүнийг дүлийрүүлж ч мэднэ.
Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй шуугиан удаан хугацаагаар үйлчлэхэд нойргүйдэх, хоол боловсруулах эрхтэн хямрах, амтлах болоод харааны мэдрэмж муудах ууртай болох, цочромтгой болох гээд сөрөг үр дагавар ихтэй тул ийм шуугианаас хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай болно. Байнгын дуу чимээтэй орчинд ажиллаж, хотын төвд амьдардаг хүмүүс нам гүм орчинд байдаг хүмүүстэй харьцуулахад илүү уур уцаартай, аймхай, өөртөө итгэлгүй, гутранги байдаг нь хэд хэдэн судалгаагаар тогтоогдсон байна. Дуу чимээ ихтэй орчинд анхаарал төвлөрөлт сулрах тул ажлын бүтээмж, сурлагийн чанарт муугаар нөлөөлдөг байна.
Эрүүл ахуйн үүднээс шуугиан нь ашигтай дуу авиаг хүлээн авахад саад болж, нам гүм байдлыг алдагдуулах, бие махбодид хортой, цочроох нөлөө үзүүлэх, ажиллах чадварыг бууруулах дуу авианы нийлбэр гэж үздэг.
Дуу шуугианы эрүүл ахуйн норм тогтоох нь богино болон урт хугацааны нөлөөллөөс хүнд үзүүлэх сөрөг өөрчлөлт, өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдах зэргээс сэргийлэх ач холбогдолтой.
ДЭМБ-ын удирдамж ёсоор хүрээлэн буй орчны дуу чимээ нь унтлагын өрөөнд 30 дБ (А)-ээс бага байхыг нойр хэвийн гүн нойрсолт явагдах, анги танхимд 35 дБ (А)-ээс бага ахйыг хичээл заах болон суралцах тохиромжтой нөхцөл гэж үздэг. ДЭМБ-ын баримталдаг чиг шугамын дагуу шөнийн дуу чимээ нь жилийн дунджаар 40 дБ (А)-ээс бага байх хэрэгтэй гэж санал болгодог.
Эх сурвалж: НЭМХ, http://www.bmub.bund.de/, http://www.euro.who.int/, Орчны эрүүл мэнд, хор судлалын төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|