Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/162 дугаар захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан 2014 оны А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2016 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
Нийслэлийн хэмжээнд Оюутан-Цэрэг хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус баталлаа.
Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар ажиллана. Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж 2016 оны гуравдугаар улиралд дүнг танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!