Монгол Улсад орчин цагийн номын cан үүсч, Үндэсний номын сан байгуулагдсаны 95 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны нээлт өчигдөр Үндэсний номын санд боллоо.
Тус уйл ажиллагаа бүтэн жилийн турги үргэлжлэх бөгөөд ой угтсан ажлуудыг шат дараатай зохион байгуулах ажээ. Энэ талаар Монголын үндэсний номын сангийн захирал А.Нансалмаагаас тодрууллаа.
-Төв номын сан 95 жилийн түүхийг бичжээ. Өнөөдөр ой угтсан ажлуудын нээлтийн ёслолыг зохион байгуулж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Монгол Улсад орчин цагийн номын сан үүсч, Үндэсний номын сан байгуулагдсаны 95 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан ойн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны нээлтийг өчигдөр хийлээ.
Тус арга хэмжээнд БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа, Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн н.Бямбасүрэн, үе үеийн номын санчид хүрэлцэн ирсэн.
Номын сангийн мэдээллийг түгээх шинэ вэб сайттай болсон зэрэг томоохон шинэчлэлүүдийг хийсэн.
Бид өнгөрсөн жилүүдэд Номын сангийн салбарын шинэ хуулийг батлууллаа. Мөн гадаадын номын сантай мэдээлэл солилцох Коха хэмээх программыг нээсэн. Номын сангийн мэдээллийг түгээх шинэ вэб сайттай болсон зэрэг томоохон шинэчлэлүүдийг хийсэн.
-Номын сангийн түүхээс хуваалцаач. Анх хэдэн номтой, ямар бүрэлдэхүүнтэй нээгдэж байв?
-1921 онд судар бичгийн хүрээлэн нээгдэж, дэргэд нь “Уншлагын газар” нэртэйгээр анх номын сан маань байгуулагдаж байсан түүхтэй. Тухайн үеийн сэхээтнүүд олон тооны ном хандивлаж, 2,000 орчим номтойгоор номын сан хөмрөг маань нээгдсэн.
Үүнээс хойш 30 жилийн дараа буюу 1951 онд энэ барилга маань ашиглалтад орж, 500 гаруй мянган номтой болсон. Харин өнөөдөр 3.5 сая орчим номоо найман фондонд хадгалж, уншигч түмэндээ хүргэж байна.
-Манай номын санд ямар, ямар ховор ном байдаг вэ?
-Дэлхийн улс орны номын сангуудтай харьцуулахад Монгол Улсын номын санд хадгалагдаж буй ховор ном судраараа дээгүүрт ордог. Яагаад гэвэл дэлхийн хэмжээгээр баримтат цаасан өвүүд 160 хүрэхгүй тоогоор бүртгэгдсэн байдаг. Түүний 34 өв нь манай номын санд байдаг.
-Гадаад харилцааны хувьд ямар төвшинд байна вэ. Тухайлбал, гадаадын улс орнуудын хэчнээн номын сантай харилцаатай ажилладаг вэ?
-Гадаадын 110 орчим номын сантай харилцаатай ажилладаг. Үүнээс гадна эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудтай хамтран сүүлийн хоёр жил боловсон хүчин солилцох, туршлага судлах гэх мэт ажлуудыг хийж байна.
-Тэгвэл манай орчин цагийн номын сангийн хөгжил олон улсын жишигтэй хэр нийцэж байна вэ?
-Үндэсний номын сан 95 жилийн түүхтэй, Монгол Улсын ууган байгууллагын нэг. Бид олон улсын номын сангуудын хөгжлийн зиндаанд хүрэх зорилтыг дэвшүүлэн, сүүлийн таван жилийг эрчимтэй ажиллаж байна. Энэ хугацаанд багагүй зүйлийг хийж бүтээсэн. Тухайлбал, олон улсын номын сангийн программыг үйлчилгээндээ нэвтрүүллээ.
Энэ бол үндэсний номын сангийн сан хөмрөгт байгаа ховор ном судрууд маань дэлхийн тавцанд хүрч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид дэлхийн өнцөг булан бүрт амьдарч, ажиллаж буй уншигчдадаа хүрч үйлчлэх боломж нээгдэж байгаа.
-Уншигчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа байх. Ерөнхийдөө жилд дунджаар хэчнээн шинэ уншигч нэмэгддэг вэ?
-Манайх өдөрт дунджаар 300-450, жилдээ 16 мянга гаруй уншигчдад үйлчилдэг. Бид сүүлийн таван жилд судалгаа хийж үзэхэд 5-7 хувиар өсөн нэмэгдэж байгаа гэсэн дүн гарсан. Энэ нь шинэ техник технологи оруулж ирсэнтэй холбоотой. Мөн уншигчдын тав тухтай үйлчлүүлэх орчныг бүрдүүлсний ач тус гэж үзэж байна.
Үүнийг маань төр засаг өндрөөр үнэлж, 2012 онд Засгийн газар мөрийн хөтөлбөртөө Үндэсний номын өргөөтэй болох зорилтыг тусгасан. Энэ зорилтын хүрээнд 2014 онд Монгол Улсын үндэсний номын сангийн шинэ барилгын ажил эхэлж, 2017 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.
-Номын сангийн салбар хуультай болсон. Тэгвэл хуулийн ач холбогдлын талаар ярихгүй юу?
-Бид 95 жилийн ойгоо маш гайхалтай их амжилтаар угтаж байгаа. Үүний нэг нь номын салбартаа эцэг болсон номын сангийн тухай анхдагч хуулийг боловсруулалцаж, батлуулсан явдал. Энэ нь бидэнд үнэхээр их ач холбогдолтой.
Яагаад гэвэл энэ хуульд "Үндэсний номын санд “үндэсний сан хөмрөг”-ийг бүрдүүлнэ” гэж заасан байгаа. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хэвлэгдэн гарсан болон гадаад орнуудад хэвлэгдсэн Монгол судлалтай холбоотой бүх номын 1-2 хувийг архивлан хадгалах боломж бүрдэнэ гэсэн үг. Тиймээс бид хуулиа ягштал хэрэгжүүлж ажиллах болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!