Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп ерөнхийлөгч болвол Америкчууд Канад руу дүрвэхээр зэхэж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

“Супер Мягмар гараг” гэгддэг АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшихийн төлөө нам дотрох сунгааны дүнгээр Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп 13 мужаас долоод нь ялалт байгууллаа.

Ингэснээр тэр 2016 оны сүүлээр болох ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвших өндөр магадлалтай болж байна. Сонирхолтой нь “Супер Мягмар гараг”-ийн ялалтын дараа Google хайлтын системд “move to Canada” буюу “Канад руу нүүх” гэсэн түлхүүр үгтэй хайлт эрс нэмэгджээ.

 

Google-ын дата сэтгүүлч Симон Рожерс анх энэ тухай мэдээлэх үед ийм төрлийн хайлтууд ердийн үеийнхээс 350 хувь өссөн байв.

Үүний дараахан өөр нэг сэтгүүлч Брайн Райз “how can I move to Canada?” гэсэн үгтэй хайлт трэнд болж ердийнхөөс 1,150 хувь өсөөд байгааг мэдээлжээ.

Райз үүнээс гадна Канадын цагаачлалын албаны вэбсайт их ачааллаас болоод гацсан байгааг мэдээлсэн байна.

Хайлтыг хамгийн их хийсэн муж нь Дональд Трампын 49 хувийн саналаар өрсөлдөгчдөө ялсан Массачусетс байжээ. Үүний дараа Вашингтон, Иллинойс, Нью-Йорк, Флорида, Калифорни, Техас мужууд орсон байна.

 

Эндээс харвал популист улс төрч гэгддэг, тэрбумтан Дональд Трампыг ерөнхийлөгч болохоос олон Америкчууд болгоомжилж байгаа бололтой.

 

Эх сурвалж: Business Insider