Монгол улсын хүн амын өвчлөлд халдварын бус шалтгаант эмгэгийн дотор Хоол боловсруулах эрхтний эмгэг II байр эзэлж, нас баралтын шалтгаанд хавдрын өвчлөл түүн дотроо ходоод, улаан хоолойн өмөн тэргүүлэх эхний таван байранд багтсаар байна.
Ходоод гэдэсний дурангийн шинжилгээг өндөр түвшинд хийснээр энэ төрлийн өмөнг эрт илрүүлж өвчнийг эмчлэх, цаашилбал өмөнгөөс шалтгаалж амь насаа алдах эрсдлийг таслан зогсоох хүртэл тусламж үйлчилгээг авах боломжтойгоос гадна хүн амын дунд нийтлэг тохиолддог ходоод гэдэсний замын үрэвсэл, ургацаг, шархлаа, цус алдалт зэрэг архаг болон цочмог эмгэгүүдийн үед ч мөн өндөр ач холбогдолтой байдаг.
Тэгвэл “Медимпекс Интернэйшнл” ХХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ээлжит ажлын хүрээнд дурангийн эмч нарт “Ходоод гэдэсний эмгэг, тэдгээрийн дурангийн оношлогоо” сэдэвт эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх онолын болон, гардан ур чадвар олгох хосолсон хөтөлбөртэй сургалтыг 2016 оны 03 сарын 04-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт нь "Медимпекс Интернэйшнл" ХХК – ний дэмжлэгтэйгээр манай оронд хоёр дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд Японы уян болон мэс заслын дуран үйлдвэрлэгч Olympus Medical Systems компани, ANBIG (Asian Narrow Banding Imaging Group), Монголын Гастроэнтерологийн холбоо, Улаанбаатар Сонгдо эмнэлэгтэй хамтран зохион байгуулах юм.
Сургалтын гол зорилго уян дурангийн тусламжтайгаар хийх боломжтой олон улсад нэвтрээд буй төрөл бүрийн мэс ажилбаруудыг практикт нэвтрүүлэх, туршлага хуваалцах, эмч нарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахад оршиж байна.
2014 онд зохиогдсон анхны сургалт “Хоол боловсруулах дээд замын хавдрын эрт илрүүлэлт” сэдвээр нарийн мэргэжлийн эмч нарт, ахисан түвшинд явагдсан бөгөөд Японы Осакагийн Анагаахын төвийн Ходоод гэдэсний замын Хавдар судлалын тасгийн орлогч захирал Noriya Uedo, Улаанбаатар Сонгдо дурангийн тасгийн эрхлэгч А.Баттулга эмч нар удирдан явуулсан юм.
Анхны сургалтын үеийн зургуудаас
"Медимпекс Интернэйшнл" ХХК нь эрүүл мэнд, лаборатори, боловсролын салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх чиглэлээр 2003 оноос хойш өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа эрхлэж буй байгууллага юм.
Мөн 2005 оноос Японы дуран үйлдвэрлэгч Olympus Medical Systems компани Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж, хамтын ажиллагааныхаа хүрээнд салбарын эмч мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн ур чадвар сайжруулахад зориулсан сургалт, семинарыг тогтмол явуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!