Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

В.Жириновский: Монгол Улсын өрийг хониор төлүүлэх байсан юм

Б.Ууган, iKon.mn
2016 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нэгдүгээр сарын 22-ны өдөр Төрийн думын салбар хороо “Оросын Холбооны Улсын өмнө Монгол улс төлөх санхүүгийн өрийг зохицуулах тухай Орос болон Монголын засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах” тухай хуулийн төслийг дэмжсэн бөгөөд энэ хуулийн төслийн дагуу Орос улсад төлөх Монгол Улсын өрийн 97 хувь буюу 174.2 сая ам.долларыг ОХУ чөлөөлөхөөр тусгажээ. 


Төрийн Думын хуралдааны үеэр Оросын Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский энэ хуулийн төслийг эрс эсэргүүцэж байлаа. Тэрбээр Монгол Улс эдийн засгийн харилцаатай байдаг орнуудаасаа чухамхүү Оросын өрийг л төлөхгүй байгааг огт ойлгохгүй байна. 

Монголчууд өрөө бартераар шийдэхэд бэлэн байсан. Тэдэнд хүйтэн өвлөөр хөлдөхдөө тулаад байгаа 30 сая хонь байна.

Манайд, Өвөр байгальд хонь алга, бүгд үрэгдсэн. Хониор өрийг нь төлүүлэх хэрэгтэй байсан юм. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд бидэнд хонь мал биш валют хэрэгтэй гэх. Валютгүй газраас валют аваад тэр мөнгөөрөө мах авах юм гэнэ” хэмээн Жириновский мэдэгджээ.


Монгол Улсын төрийн өрийг чөлөөлөх тухай хуулийн төслийг Сангийн орлогч сайд Сергей Сторчак Төрийн думд оруулсан бөгөөд Монгол Улсад малын халдварт өвчин гарсантай холбоотойгоор Монголоос мах нийлүүлэх нь хүндрэлтэй хэмээн тэрбээр цохон тэмдэглэсэн юм.

Ийнхүү Төрийн думын хуралдаанаар энэ хуулийн төслийг баталснаар Монгол Улс 174.2 сая хэмжээтэй өрөөс чөлөөлөгдлөө. Харин үлдсэн 3.8 сая ам.долларын өрийг Монгол Улс 30 хоногийн дотор ОХУ-д төлөх ёстой юм байна. 

Дашрамд дуулгахад, энэ хуулийн төслийг батлахаас өмнө ОХУ-ын Сангийн орлогч сайд Сергей Сторчак энэ өр шийдэгдснээр Монгол Улс дахин их хэмжээний зээл авах хүсэлтийг тавьж болно гэж мэдэгдэж байсан юм. 

Түүний өгүүлснээр Монгол Улсын зүгээс дахин зээл авах талаар хүсэлт тавьж байсан бөгөөд хуучин өрийг чөлөөлсний дараа энэ тухай хэлэлцэх боломжтой гэнэ. 

Эх сурвалж: Итар тасс, gazeta.ru