Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Их Монголын Шахнаме: Товч түүх

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

“Их Монголын Шахнаме” (ИМШ) бол дундад зууны хамгийн гайхамшигтай, зураглал бүхий гар бичмэл юм. (Шахнаме-“Хаадын судар” гэсэн Перс үг)

Ил хаадын улс байгуулагдах хүртэл Шахнаме нь зураггүй, зөвхөн бичмэл хэлбэрээр бүтээгддэг байжээ.

Түүхийн туршид хэдэн Шахнаме бүтээгдсэн, тэдгээр нь хүмүүсийн дунд хэр тархсаныг мэдэх боломжгүй. Гэвч ийм нарийн зураг хөрөгтэй, үнэтэй аргаар бүтээгдэхийн тулд Шахнаме нь онцгой байр суурь эзлэх ёстой.

Шахнаме нь дэлхий дахинд Руми, Хафиз нарын яруу найраг шиг алдаршаагүй боловч сүүлийн жилүүдэд түүний үнэ цэнэ өсч, Исламаас өмнөх Персийн түүхийг сэргээн судлахад чухал ач холбогдолтой болж байна.

ИМШ нь дундад зууны Персийн хамгийн агуу бичгийн бүтээлүүдийн нэг бөгөөд зохиогч нь дуусгахын тулд 30 гаруй жил ажилласан гэдэг.

Ил хаадын засаглалын үед Ираны хоёр чухал судрыг бичих ажил явагдсан юм. Эхнийх нь Жабмют-Таварих (1314 он) буюу Монголчуудын түүхийг зураглаж бүтээсэн бүтээл бөгөөд сүүлдээ нэмж өргөтгөсөөр дэлхийн түүх болжээ. Уг судрыг зарим эрдэмтэд дэлхийн түүхийг бичих гэсэн анхны оролдлого гэж үздэг. Судрыг Газан хааны шууд даалгавараар бүтээсэн байна. Хоёр дахь бүтээл нь Их Монголын Шахнаме (1330-аад он) байсан ба түүнийг бичиж дуусахаас өмнө Газан хаан болон Рашид ад-Дин нар нас барсан юм.

Судрын гарал үүслийн тухай ихийг хэлэх боломжгүй. Жишээ нь хэн үүнийг бүтээх даалгавар өгсөн, зургийг нь хэн зурсан гэх мэт. Энэ бүх чухал мэдээллийг бидэнд өгөх байсан судрын эх хувийг түүний сүүлийн эзэмшигч байсан Франц хүн устгаснаар боломжгүй болсон юм.

Судрын талаар гүнзгий судалгаа хийсэн Грабар, Блэйр нарын дүгнэлтээр анхны эх нь 280 бүлэг бүхий хоёр боть, 190 зургаас бүрдэж байжээ. Одоо үлдээд байгаа нь ердөө 57 зураг, хэд хэдэн бичвэр бүхий хуудаснууд янз бүрийн хувь хүний болон байгууллагын цуглуулгуудад хадгалагдаж байна.

Шахнамегийн хэсгүүдийг хадгалж байгаа байгууллагуудад Smithsonian, The Metropolitan Museum of Art, Харвардын Их сургуулийн Fogg Museum, Worchester Museum зэрэг орж байгаа юм.

Ил хаадын үеэс өмнө Иранд үүн шиг зурагласан судар байсан гэдэг баталгаа байхгүй байгаа, хэрвээ байлаа гэхэд түүнийг урлагийн түвшинд гүйцэхгүй гэдэг нь ойлгомжтой. Уг судар нь дараа үеийн бүх ном судруудад, ялангуяа Шахнамед зурагт судар ном хэрхэн хийх арга техник болж өгсөн юм. Түүнээс гадна ИМШ нь Иранаас гадна, Турк, Энэтхэг зэрэг улс орнуудын дүрслэх урлагт нөлөө үзүүлсэн.

Хамгийн сүүлийн зурагт Шахнамег 1909 онд Тегеранд нөлөө бүхий Кажар түшмэл Хосаян-Паша Хан Амир Бахадурын санхүүжилтээр бүтээж байжээ.

Ийм гоёмсог судрыг дундад зууны үед бүтээхэд хэцүү байсан. Гэвч Ил хаадад Хятадын урлах эрдэм, технологийг авч ашиглах боломж байсан учраас энэ судар бүтсэн хэрэг.

Ил хаадын үеийн зураачид Персийн уламжлалт зургийн урлаг дээр бусад орны зургийн элементүүдийг нэмж, жишээ нь хувцас, хад чулуу, модод, үүлс зэргийг Хятадын дүрслэх урлагаас нэмж оруулснаар давтагдашгүй бүтээл бий болгожээ.

Зөвхөн Шахнаме судар Ил хаадын хамгаалалд байсангүй, энэ үеэр мөн Табриз хотын дэргэд Рашид ад-Диний соёл боловсролын төв байгуулагджээ. Үүнтэй адил төвүүд Шираз, Исфахан, Багдадад байгуулагдсан ч Рашидын төв өөрийн хэмжээгээр, олон төрөл зориулалтаараа Монголын эзэнт гүрний өнцөг булан бүрээс эрдэмтэн мэргэд, зураачдыг зуу зуугаар нь татаж байсан юм.

Уг нь ИМШ Кажарын цаг үе хүртэл тэсэж үлдсэн бүтээл. Ил хаадын засаглалын дараа (1335) Иран орон 600 орчим жил дайн тулаан, түрэмгийлэл, олон янзын хаадын засаглалыг туулсан.

Хамгийн сүүлд ИМШ нь Кажарын (1785-1925 оны хооронд Ираныг захирч байсан Түрэг угсааны хаад) хааны номын санд хадгалагдаж байв. Гэвч судрыг Францын урлагийн бүтээл цуглуулагч Демоттэ 1910 онд Парист худалдаж авсан юм. Судрыг алдарт наймаачин Хагоп Кэворкян Тегеранаас авчирсныг түүний хүргэн Шемаван Малаян заржээ.

Энэ эмгэнэлт явдал Кажарын санхүүгийн доройтлоос болсон гэдэг. Уг нь ИМШ хааны номын санд хадгалагдаж байх ёстой байв. Харамсалтай нь Парисын наймаачин Жорж Демоттэ урлагаас илүү мөнгөний сонирхолтой хүн байсан тул судрыг бүрэн бүтэн хадгалах хүсэлгүй байжээ. Тэр судрыг олон хэсэг болгож зарах нь илүү ашиг олохыг мэдээд тэр дор нь хуудас худсаар нь салгаж дарааллыг нь алдуулсан байна.

Уг нь Шахнамегийн алдар хүндийг мэдэх үе үеийн Ираны удирдагчид 19 дүгээр зуун хүртэл түүнийг хадгалж үлдээсэн юм.

Жишээ нь Доголон Төмөрийн үед (1370-1506) энэ сударт өөрийн хувийг нэмж оруулах нь эрх мэдлийн билэгдэл болж байв. Тиймээс Төмөрийн ач нар болох Байсонгор, Эбрахим Султан, Мухаммад Жуки нар өөр өөрийн түүхийг Жомада I бүлэгт 1430 онд Херат хотноо, 1430-35 онд Шираз хотноо, 1444 онд Херат хотноо тус тус захиалан бичүүлж байжээ.

Хувийн цуглуулагчдын гар дээр байгаа эх хувиуд зах зээл дээр ямар үнэ хүрэхийг хэлэхэд хэцүү. Нэг жишээ дурдахад Шахнамегийн Шах Тахмаспын бүтээлгэсэн зурагт судар Лондонд 2011 онд $12 саяар зарагдсан нь бүх Персийн Исламын үеийн урлагийн бүтээлүүдийн дээд амжилт болсон юм.

 

Эх сурвалж: Iranian.Com