Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН СУДАЛГАА

ikon.mn
2015 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийн хүмүүжилд тоглоом ихээхэн нөлөө үзүүлдэг болохыг судлаачид тогтоосон байна. Тоглоом нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж, зөв хүмүүжилтэй болох, эрүүл, чийрэг, сэргэлэн цовоо өсөж, хүмүүжихэд нь ихээхэн чухал үүрэгтэй байдаг.

Мөн тоглоом нь хүүхэд мөлхөх,  явах, гүйх, харайх, авирах хөдөлгөөнд сургаж, дадлагажуулах, зориг самбаатай, тэсвэр хатуужилтай, өөрийн хүчинд итгэдэг болгох, аливаа зүйлсийн мөн чанар, өнгийг таньж мэдэх зэрэгт тус болохоос гадна бусад хүүхэдтэй ойртож нөхөрлөх, өөрийнхөө хөдөлгөөнийг залж сурах, янз бүрийн зүйлсийг тааварлах, авъяас сонирхлыг нь хөгжүүлэх зэрэгт тусалдаг байна.

ТОГЛООМЫГ ҮҮРЭГ ЗОРИУЛАЛТААР НЬ ДАРААХ БАЙДЛААР АНГИЛДАГ. ҮҮНД: 

  • Танин мэдэхүйн
  • Биеийн хөгжил
  • Хөдөлгөөнийг хөгжүүлэх
  • Орчин тойрон болон байгаль, шинжлэх ухаан, техникийн элементүүдтэй танилцуулах
  • Зохион бүтээх, урлаг, хөгжим, уран сайхныг нь хөгжүүлэх

ХҮҮХДИЙН ТОГЛООМ ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙХ ЁСТОЙ. ҮҮНД:

  • Биед нь харшлах ямар нэгэн хорт бодисын нөлөөгүй
  • Угааж цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн
  • Хүүхдийнгар, нүүр, нүдийг гэмтээх хурц үзүүргүй
  • Сэтгэхүйг хөгжүүлэхэд зориулагдсан байх шаардлагатай.

Хөгжингүй орнуудад тоглоомны импортын асуудалд онцгой анхаарч, лабораторийн шинжилгээнд хамруулан, хүүхдэд хор хөнөөлгүй гэж үзсэний үндсэн дээр өөрийн улсын стандартад нийцвэл импортлох, худалдаалах зөвшөөрөл олгодог байна.

Хүүхэд аливаа химийн бодисын нөлөөлөлд илүү өртөмтгий байдаг бөгөөд бага хэмжээний хортой зүйл байсан нь ч хүүхдийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй, харшилтай болгох улмаар хүүхэд эрүүл мэндээр хохироход хүргэдэг.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 15-аас доош насны 35,000 хүүхэд ямар нэгэн байдлаар химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг бөгөөд түүнээс хэд дахин олон хүүхэд химийн бодисын хурц болон архаг хордлогод өртсөөр байгааг дурьджээ. Хүүхэд химийн бодисын нөлөөлөлд насанд хүрсэн хүмүүсээс илүү өртдөг. Учир нь:

Хүүхэд эхийн хэвлийд үр хөврөл байх үеэсээ л эхэсээр дамжин, химийн бодист өртөж эхэлдэг байна. Зарим төрлийн химийн хорт бодисууд нь нярай хүүхдийн гол тэжээл болох эхийн хөхний сүүнд их хэмжээгээр хуримтлагддаг.

Нярай хүүхдийн бие махбод нь химийн бодисоос хамгаалах, түүнийг хоргүйжүүлэх механизм хөгжөөгүй байдаг.

Хүүхдийн тархи болон эд эрхтэний тогтолцоо нь байнга өсөж, хөгжиж байдаг ба ямар нэгэн гэмтэл, хордлогод маш эмзэг байдаг.

Нярай хүүхдийн амьсгалалт хурдан, хооллолтын хэмжээ нь биеийн жинтэй нь харьцуулахад насанд хүрэгсдээс харьцангуй их байдгаас тэд ус, хүнс, агаараар химийн бодист өртөх нь их байдаг.

Хүүхэд гадаа тоглож, ихэнх цагийг өнгөрөөдөг бөгөөд хэрэв тэдний тоглож буй орчин хүнд метал, пестицидээр бохирдсон байх тохиолдолд хорт бодист өртөх магадлал ихэсдэг байна.

Бага насны хүүхдүүд гэр ахуйд хэрэглэгддэг цэвэрлэгээний шингэн, будаг, гоо сайхны хэрэглэл бусад ахуйн хэрэглээний химийн бодисуудад өртөх эрсдэл өндөр байдаг.

Химийн бодисын хор хөнөөлийн талаар хүүхэд мэдлэг багатай байдаг нь химийн бодист өртөх эрсдэлийг мөн нэмэгдүүлдэг.

СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС

Судалгаанд нийт 62 ширхэг тоглоомыг хамруулсан бөгөөд түүнээс 98% нь БНХАУ-ынх байгаа нь Монгол Улсад худалдаалагдаж байгаа ихэнх хүүхдийн тоглоом нь БНХАУ-аас импортлогдож байгааг харуулж байна.

ХӨНГӨН ЦАГААН:

1.  Буунд 8338.4 мг/кг байсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 1,5 дахин их байв.

КАДЬМИ:

1.  Резинэнбар зөвшөөрөгдөх хэмжээ(1.30мг/кг)-нээс 1,3 дахин их,

2.  Реинэн ирвэсэнд 1 дахин их агуулагдаж байв.

ХРОМ:

1.  Шажигнуур тоглоомонд 1 дахин их (60.88мг/кг)

2.  Эмийн халбаганд  1,3 (78,14 мг/кг) дахин их

3.  Резинэн ногоон мэлхийнд 1,4 (84,57 мг/кг) дахин их

4.  Уулбар шар наймаалжинд 1,7 (101,5 мг/кг) дахин их

5.  угжинд 1,7 (106,2 мг/кг) дахин их,

6.  эмийн халбаганд 4,8 (289,87 мг/кг) дахин их,

7.  хуванцар эрэгтэй барбинд 2(120.42 мг/кг) дахин их

8.  хуванцар мууранд  1,2 (74.12 мг/кг) дахин их байгаа

ХАР ТУГАЛГА:

1.  Баатранд 1,2 (17,18 мг/кг) дахин их,

2.  Цэргийн ачаатай машинд 1,3 (18,11мг/кг) дахин их

3.  Ирвэсэнд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 8,3 (112,04мг/кг) дахин их,

4.  Баранд 11,5 (155,42мг/кг) дахин их 

ЦАЙР:

1.  Шааранд 1.5 (5845,71 мг/кг) дахин их

2.  Төмөр машинд 1,9 (7284,16 мг/кг)дахин их байв

 

1.  Судалгаанд хармуулсан хүүхдийн толгоомонд 26%-д нь химийн бодис болох хром, хар тугалга, кадьми, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодис ЕХ улсын зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан байна.

2.  Үүнээс хамгийн их буюу 50% нь хромын агууламж өндөр байсан нь хүүхдийн нөхөн үржихүй болон мэдрэлийн эдийн хөгжилд нөлөөлдөг болохыг судлаачид дурьдсан. Мөн хүүхдэд харшил үүсгэдэг байна.

3.  Судалгаанд хамруулсан хүүхдийн тоглоомын 25% нь хар тугалганы агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байсан нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт оруулдаг байна. Энэ нь харшил загатнаа үүсгэдэггүй байна.

4.  Судалгаанд хамруулсан резинэн бар болон ирвэс тоглоомонд кадьми болон хар тугалга зэрэг 2 төрлийн хүнд металлын агууламж өндөр байгаа нь бөөр, уушги  ба гэдэс дотор эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэх мөн мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөөлөл үзүүлэх шалтгааны нэг болдог байна.

Цаашид авах арга хэмжээ:

Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж

Тоглоомынтусламжтайгаар таны балчир үр эхлээд ажиглан харж, дараа нь хүрч, гартаа атгаж, амандаа хийх зэргээр хорвоотой танилцаж эхэлдэг. Иймд хүүхэддээ тоглоом сонгохдоо юуны өмнө аюулгүй байдлыг анхаарах нь тун чухал гэдгийг санах хэрэгтэй.

Хүүхдийн тоглоомтой хамааралтай хууль эрх зүйн орчин байдаг уу?

Монгол улсад мөрдөгдөж байгаа хүүхдийн тоглоомын стандарт эрүүл ахуйн шаардлагыг заавал мэддэг байх шаардлагатайг анхааруулах нь зүйтэй.  Хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улсын стандартчиллын байгууллагын ISO:8124 "Тоглоомын аюулгүй байдал" багц стандартуудыг Монгол улсын стандартаар баталсан. Энэхүү багц стандартууд нь 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

-  MNS ISO 8124-1:2011- Тоглоомын аюулгүй байдал. 1-р хэсэг.Физик болон механик шинж чанараар аюулгүй байдлыг тодорхойлох

-  MNS ISO 8124-2:2011- Тоглоомын аюулгүй байдал. 2-р хэсэг. Шатамхай байдал

-  MNS ISO 8124-3:2011- Тоглоомын аюулгүй байдал. 3-р хэсэг. Тодорхой элементүүдийн шилжилт

-  MNS ISO 8124-4:2011- Тоглоомын аюулгүй байдал. 4-р хэсэг. Гадна ба дотор ашиглагддаг савлуур болон гулгуур болон түүнтэй адил тоглоом

Хэдий эдгээр стандартууд Монгол улсад мөрдөгдөж байгаач олон улсын хэмжээнд одоог хүртэл хүүхдийн тоглоомны найрлага, орцыг тоглоомны шошгонд заавал заахыг хуульчилж, журамлаагүй байна.

Бидний хүүхэддээ худалдан авч өгдөг тоглоомонд шошго байдаг боловч уг шошгонд тухайн тоглоомын химийн найрлагагыг харуулсан мэдээлэл байдагүй. Тиймээс аюулгүй бүтээгдэхүүнийг худалдаж авах баталгаа байхгүй гэсэн үг юм.

Хүүхдийн тоглоомыг худалдаж байгаа хүнээс тухайн тоглоомонд орсон химийн бодисын найрлагын тухай асуух хэрэгтэй. Тэд танд тоглоом нь ямар найрлагатай болохыг хариулах ёстой. Харамсалтай нь дэлгүүрийн худалдагч нар энэхүү мэдээллийг бүрэн өгөх чадваргүй эсвэл мэдлэггүй байдаг. Хэдий тийм ч эцэг эх бүр худалдан авалт хийх болгондоо асууж лавласнаар өөрийн хүүхдийн эрүүл мэндийн хамгаалалт болон тоглоомыг үйлдвэрлэх, импортлох, худалдаалах үйл ажиллагаа явуулж буй хүмүүст нөлөөлөх болно.

Ерөнхий зөвлөмжүүд:

-  Цөөн тооны чанартай тоглоом худалдаж авах зорилго тавь.

-  Үнийг нь хар, маш хямд тоглоом ихэвчлэн аюултай химийн бодис агуулсан байдаг учир худалдан авахаас зайлсхий.

-  Тоглоомыг үнэртэж үз! Маш хурц үнэртэй болон хүрэхэд тааламжгүй мэдрэмж төрүүлж буй тоглоомыг бүү худалдаж ав.

-  Хүүхэд тоглоомыг унагах, эвдлэх, мушгих, түлхэх, шидэх зэрэг тохиолдолд хурц үзүүртэй эсвэл хэт жижиг хэсэг болон задрахэд анги тоглоомонд байгаа эсэхийг шалгаж үзсэнээр үүнээс шалтгаалан гэмтэх, залгихгэх мэт эрсдлээс хамгаалахболно.

-  Аливаа шинэ тоглоомыг задлаад ууршиж болох зарим нэг аюултай бодис ууршиж дуустал хэсэг хугацаанд хүүхдийн өрөөний гадна байлгаарай. 

-  Тоглоомны ёс зүйн болон хэрэглээний бусад холбогдох эх сурвалжаас дэлгэрэнгүй мэдээлэл олж аваарай.

Тоглоом худалдан авахдаа ямар төрлийн тоглоом гэдгээс нь хамааруулан дараах зөвлөгөөг хүргэж байна.

1.  Хүүхэлдэй: Охидуудын тоглодог хүүхэлдэйнүүд ихэвчлэн хуванцраар хийгддэг бөгөөд химийн бодис ихээр агуулдаг. Тухайлбал тэдгээрийн хувцас, гоёл чимэглэлийн хэрэгсэл цахилгаан эд ангиудыг агуулсан байдаг.

Зөвлөгөө

-  Жижиг хүүхэлдэй худалдан авахаас зайлсхий! Тэд ихэвчлэн чимэглэлийн гэсэн ангилалд хамаардаг учир химийн бодисын хууль эрх зүйн хязгаарлалтад хамаарагддаггүй байна. 

-  Худалдан авах гэж буй хүүхэлдээний шошгон дээр “Эко” гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай. 

-  Хэрэглэхийн өмнө хүүхэлдэй болон түүний чимэглэлүүдийг  сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй.

2.  Чихмэл тоглоом: Энэ ангилалд Teddy баавгай болон бусад төрлийн чихмэл тоглоом орно. Урт ширхэгтэй нийлэг үслэг даавуугаар хийсэн чихмэл тоглоом ихэвчлэн харшил үүсгэдэг бөгөөд даавууны нарийн үс ширхэгийг хүүхэд  залгих  аюултай. 

Зөвлөгөө

-  Байгалийн гаралтай болон органик үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд “Эко” шошго байгаа эсэхийг шалгах

-  Хэрэглэхийн өмнө угааж, агаарт хатаах

-  Үнэгүй, бэлэг дурсгалын тоглоомноос зайлсхийх.

3.  Модон тоглоом: Модон тоглоомонд таавар, эвлүүлдэг тоглоом, хүүхэлдэйн байшин, угсардаг тоглоомууд багтдаг. Будаггүй, хатуу модон тоглоомын зарим нь аюулгүй боловч зарим нь аюултай байж болно. Цавуу агуулсан модон тоглоом нь хорт хавдар үүсгэгч химийн бодис формалдегид агуулж байх магадлалтай учир илүү аюултайд тооцогддог. Лак болон хүнд металл түүний дотор хар тугалга агуулж болох модон тоглоомноос болгоомжлох  хэрэгтэй.

Зөвлөгөө

-  Наасан хэсгүүд нь аль болох цөөн бүрдсэн хатуу, модон тоглоом худалдаж авах.

-  Лакдаагүй, будаггүй эсвэл байгалийн будаг, өнгөлгөөтэй химийн хоргүй тоглоом худалдан авах.

4.  Хуванцар тоглоом: Зөөлөн хуванцар тоглоомонд синтетик резин тоглоом, шаар, зөөлөн хуванцар гэх мэт тоглоомнууд багтах бөгөөд эдгээр нь дааврын тогтолцоонд нөлөөлөх фталат нэгдлийг агуулж болно. Хатуу хуванцар тоглоом нь фталат бага агуулах магадлалтай учраас аюул багатай байдаг. Гэсэн хэдий ч, тэдгээр тоглоомнууд нь заримдаа хүнд металл болон бусад аюултай бодисыг агуулж болно.

Зөвлөгөө

-  Байгалийн резинэн тоглоом сонгох

-  Шошгон дээр PVC-free, Free phthalate гэсэн бичигтэйполивинилхлор болон фталат агуулаагүй бүтээгдэхүүнийг сонгох

-  Химийн бодис хүчтэй үнэртэж буй бүтээгдэхүүнээс зайлсхийх

5.  Гоо сайхны  болон будгийн хэрэгсэл: Энэ ангилалд тосон будаг, будгийн харандаа,  усан будаг, баримлын шавар, гарын болон нүүрний усан будаг, гоо сайхны будгийн иж бүрдэл зэрэг багтана. Гоо сайхны иж бүрдэл нь хар тугалга, формальдегид болон фталат агуулдаг. 2009 онд Канадын Засгийн газрын Эрүүл мэндийн холбооноос  хүүхдийн нүүрний будганд хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, кадьми,  сурьма зэрэг хүнд металл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн болохыг мэдээлсэн байна. 

Зөвлөгөө

-  Гоо сайхны тоглоом нь насан туршид эдгэрэшгүй харшил үүсгэж болзошгүй тул худалдаж авахгүй байх

-  Хүнсний болон ургамлын будагтай бүтээгдэхүүн сонгох

6.  Цахилгаан үүсгүүртэй тоглоом: Энэ хэсэгт зайгаар болон цахилгаанаар ажилладаг тоглоомууд багтдаг. Тухайлбал DVD тоглоом, цахим тоглоом, гар утас, цахилгаан машин, галт тэрэг, компьютер зэрэг электрон бараа бүтээгдэхүүн багтна. Эдгээр тоглоомны зай гоожсоноос үүсэх бромт нэгдлийн хордлогын эрсдэлтэй.

Зөвлөгөө

Бага насны хүүхдүүдэд цахим болон зайгаар ажилладаг тоглоомуудыг худалдан авч өгөхөөс зайлсхийх.

 

Бэлтгэсэн: НЭМХ-ийн НЭМ-ийн Лавлагаа төвийн ЭША Г.Уянга