УИХ өнгөрсөн долоодугаар сарын 9-нд “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан. Энэхүү тогтоолын төсөл хэрэгжиж эхэлбэл Дорнод нутгийн 500 мянган га газарт цөлжих аюул нүүрлэнэ гэсэн болгоомжлол нийгэмд бий.
Нөгөө талаас “Халх гол” чөлөөт бүсийг байгуулсанаар хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийг солонгоруулах, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, өндөр технологийг нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлж, бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлж чадна гэж харж байгаа хэсэг ч байна.
Тэгвэл чөлөөт бүсийн асуудал дээр ХХАА-н сайд Р.Бурмаа олон баримт, судалгаан дээр үндэслэн өөрийн байр суурь болоод чөлөөт бүс байгуулсанаар Монгол Улсад ямар өгөөж өгөх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн Халх голын нутгаас солонгосчуудад газар өгсөн, тус чөлөөт бүсэд хөрш орны иргэд визгүй зорчих гэнэ гэсэн мэдээллийг няцаасан юм.
ХХАА-н сайд Р.Бурмаагийн хийсэн мэдээллээс хүргэе.
Р.Бурмаа: Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой энэхүү чөлөөт бүсийг байгуулах хэрэгцээ шаардлага, учир шалтгаан болон одоо байгаа нөхцөл байдлын талаар зарим тоо баримт, судалгаа, эх сурвалжуудаас хүргэж байна.
Монгол Улс Олон улсын байгууллага, хөрш орнуудаас мал, амьтны халдварт өвчнөөр тайван статус авч чадахгүй байна.
Монгол Улс хөдөө аж ахуйн орон хэдий ч одоог хүртэл олон улсад байтугай, хөрш орнуудаараа малын гоц халдварт өвчингүй гэдгээ батлуулж чадахгүй байна.
Иймээс цаашид бүсчлэн тайван статусыг авах, зорилтот зах зээл болох улстай хорио цээрийн хэлэлцээр хийх хэрэгтэй байна. Чөлөөт бүс байгуулагдсанаар хорио цэрийн дүрэм журмыг тогтоож Зүүн бүсээс мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Орон нутгийг уул уурхайгаас хамаарах хамаарлыг багасгах хэрэгтэй.
Хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт маш бага. Бүх банкуудын зээлийн 2.5% нь тус салбарт орсон. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.04% байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын нөхцөл тийм ч таатай биш байгааг харуулж байна.
Монгол Улс хөдөө аж ахуйн орон хэдий ч одоог хүртэл олон улсад байтугай, хөрш орнуудаараа малын гоц халдварт өвчингүй гэдгээ батлуулж чадахгүй байна. Хөдөө аж ахуйн салбарын хамгийн потенциал өндөртэй гэгдэх махны экспортыг хийж чадахгүй байна. Одоо бол цөөн тооны адуу хөлөөр нь экспортлохоос хэтрэхгүй байна.
Энэ бол манай эдийн засаг солонгороогүйн нэг жишээ юм.
Монгол Улсын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 51 сая га газар бөгөөд /ЗГ-ын 239-р тогтоол/ одоогийн байдлаар Дорнод аймагт 5.4 сая га нь оногдож байна. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр есөн аж ахуйн нэгжид олгосон талбай нь зөвхөн Дорнод аймгийн газар нутгийн 44 хувийг эзэлж байна.
Тодруулбал, Халхгол суманд хайгуул хийх зөвшөөрөл олгосон талбай нь 783 мян.га газар бөгөөд "Халх гол" чөлөөт бүсийн талбайтай давхцаж байна.
Зөвхөн 1 баррел газрын тос олборлоход 10 мянган тонн гүний усны нөөцийг ашиглаж байна.
Энэ газар нутгийг зөвхөн уул уурхайн зориулалтаар ашиглаж болохгүй гэж үзэх нөхцөл байдал өнөөдөр бий болчихоод байгаа. 1996-2009 оны хооронд 13 жилийн хугацаанд газрын тосны хайгуул хийсэн БНХАУ-ын төрийн өмчийн "Петро Чайна" компанитай хамтарсан "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК нь Газрын тосны 19, 21 талбайд олборлолт хийж, түүхий газрын тосыг БНХАУ-руу экспортолдог.
Өнөөдрийг хүртэл 24 тэрбум ам.доллар бүхий газрын тосны таамаг нөөц илрүүлсэн энэ Хятад компани нь байгаль орчны хариуцлага хүлээдэггүй, дэд бүтэц бий болгоогүй, бүх бүтээгдэхүүнээ 100 хувь экспортолж байна. Тэнд 3,500 гаруй ажилчид ажиллаж байгаагийн 3,010 нь хятад ажилчид байна. Зөвхөн 1 баррел газрын тос олборлоход 10 мянган тонн гүний усны нөөцийг ашиглаж байна.
Хэрвээ бид уг бүс нутагт хайгуул хийх талбайг тэлбэл тэнд зөвхөн хариуцлагагүй уул уурхайн ул мөр үлдээд зогсохгүй эдийн засагт үлдэц өгөөж багатай, ажлын байр нэмэгдүүлэхгүй, дэд бүтэц бий болохгүй, зөвхөн эвдэрсэн хөрс шороотой үлдэх юм.
Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халх гол суманд атаршсан 30 мян.га талбайг зориулалтын дагуу үйлдвэрлэлийн эргэлтэд оруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг даалгасан байдаг. Гэтэл орон нутгийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр Халх гол сум нь 51 мян.га газрыг газар тариалан, 36 мян.га газрыг эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар олгосон. Харин сансрын хиймэл дагуулаар авсан зурагт бууснаар газар тариалангийн зориулалтаар 58 мянган га газрыг тариалангийн зориулалтаар ашиглаж байна.
Газар олголт замбараагүй, хяналтгүй байх өөр нэгэн шалтгаан нь хариуцлагын тогтолцоо сул байгаатай холбоотой. Өнөөдрийн байдлаар газар ашиглалт нь Хүнс, Хөдөө аж ахуйн яам, хамгаалах нь БОНХАЖЯам, бүртгэл нь Барилга хот байгуулалтын яам, хяналт, шалгалт нь Шадар сайдын мэдэлд тус тус байгаа нь газрыг хяналтгүй, бүртгэлгүй олгох боломжийг бүрдүүлж байна. Жишээлбэл: Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас өгсөн мэдээллээр Халх гол суманд нийт 13 аж ахуйн нэгжид 51,900 га , эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар 36,000 га газрыг олгосон байдаг.
Эдгээрээс зөвшөөрөгдсөн талбайгаа хэтрүүлэн ашиглаж байгаа хэд хэдэн аж ахуйн нэгж байгаагаас дурдвал, "Дорнод гурил" ХХК нь 2,734 га газрын зөвшөөрөлтэй атал энэхүү зөвшөөрөгдсөн талбайгаасаа бараг 3,000 га-аар илүү буюу 5,900 га талбайг эзэмшиж байна. Мөн "Нью Ариг Ус" компани 3,658 га газрын зөвшөөрөлтэй боловч нийт тариалсан талбайн хэмжээ нь 9,630 га газар буюу ,5972 га-аар хэтрүүлэн ашиглажээ.
Түүнчлэн энэхүү мэдээллийн сангийн бүртгэлд ороогүй хэд хэдэн аж ахуйн нэгжүүд байна. Тухайлбал "Голдан Сояа Бийн" компани нь 2011 оны 11 сарын 30-ний өдрийн А-108 тоот шийдвэрийн дагуу 10 мян.га газрыг фермерийн аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал тарих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг нь энэхүү мэдээллийн санд огт бүртгэгдээгүй байгаа юм. Мөн түүнчлэн "Баян мэнэн" ХХК 500 га талбайг эзэмшдэг нь ямар нэгэн захирамж, шийдвэрээр олгогдсон гэх баримт олдохгүй байгаа билээ.
2009 онд Халхголд солонгосуудад газар өгсөн гэх хардлага байдаг. Ингэхдээ БНСУ-ын "Хансолмо" гэх компанид 30 мян. га газар өгсөн гэдэг.
"Хансолмо" ХХК нь 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Халх гол сумын ИТХурлын 117 дугаар тогтоолоор 25,966 га газрыг газар эзэмших нөхцөлөөр авч байжээ. Энэ газрыг сумын засаг даргын А-36 тоот захирамжаар 2011 онд буцаан авсан байдаг. Ингээд тухайн жилдээ Халх гол сумын засаг дарга дахин захирамж гаргаж Монгол Улсын "Үйзэн тал" ХХК-д 14 мян.га, "Цог-Октаэдр" ХХК-д 6,9 мян.га , "Ашдын нөхөр" ХХК-д 4.8 мян.га-г тус тус олгосон байдаг юм байна.
Хуулийн хариуцлага ийнхүү сул байгаа нь орон нутгийн удирдлага албан тушаалаа ашиглан газрыг зарах зөрчлийн эх болж байна. Халх гол чөлөөт бүс байгуулагдсанаар энэхүү хууль бус үйл ажиллагаанууд таслан зогсоогдож, газар олголт ил тод болох юм.
Тариалангийн зориулалтаар шинээр олгох талбайг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэдэг. Хэрэв, холбогдох хууль тогтоомжийн зөрчин газар олгож, авсан тохиолдолд Газрын тухай хуулийн 63.1.15-т “энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгон, хохирлыг нь нөхөн төлүүлэх”, хэрэв иргэн аж ахуйн нэгж бол 61.1.7-т “эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин, байгууллага, аж ахуйн нэгжийг 40-80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх;” хэмээн тус тус заажээ. Хуулийн хариуцлага ийнхүү сул байгаа нь орон нутгийн удирдлага албан тушаалаа ашиглан газрыг зарах зөрчлийн эх болж байна. Халх гол чөлөөт бүс байгуулагдсанаар энэхүү хууль бус үйл ажиллагаанууд таслан зогсоогдож, газар олголт ил тод болох юм. Мөн газар ашиглалт, хяналт, хамгаалалт нь нэг цэгт буюу Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Захирагчийн ажлын албанд хамаарагдах юм.
Засгийн газар, Халх гол чөлөөт бүсэд ажиллах, түр оршин суух гадаадын иргэд нь тус чөлөөт бүсэд ажиллагсдын 3 хувиас илүүгүй байхыг тогтоолд тусгасан. Энэхүү гурван хувийн гадаадын ажилчид нь зөвхөн эрчимжсэн газар тариалан, мал ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тусгай мэргэжлийн инженер, технологич, судлаачид байх юм. Жишээлбэл тэнд 1,000 ажлын байр шинээр боллоо гэхэд түүний 3 хувь буюу 30 хүн л гадаадын нарийн мэргэжлийн хүмүүс байх юм.
Тус бүс нутаг нь өөрөө нутгийн гүнд байршилтай учраас Монгол Улсын хилээр орох гадаадын иргэд хууль тогтоомжийн дагуу заавал визтэй орж ирнэ.
Түүнээс гадна тус шийдвэрт мөн Халх гол чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн хувьцааных нь 51-с дээш хувийг заавал Монгол хүн эзэмших ёстой гэж тусгасан байна.
Халх голын бүс нутаг нь хөдөө аж ахуйн чиглэлээр өнөөдрийг хүртэл хамгийн өргөн хүрээнд, хамгийн урт хугацаанд судлагдсан бүс нутаг юм. Анх 1967 онд Монгол Оросын хамтарсан атрын экспедиц судалгаа хийж Халх голд 10 сангийн аж ахуйн байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж байжээ. Үүнээс хойш 1978, 1979, 2009, 2012, 2013, 2015 он гэхчилэн өнөөдрийг хүртэл хөдөө аж ахуйн үйлдвэржүүлэх, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх нийт 13 судалгаа хийгдсэн байдаг. Эдгээр судалгаа нь эдийн засгийн, байгаль орчны, газар тариалангийн, усны нөөцийн чиглэлээр хийгдсэн тухай бүртээ Халх голын бүс нутагт хөдөө аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт, зөвлөмжүүдийг өгч байв. Тухайлбал 1967-1980 онд хийгдсэн судалгаагаар 270 мян.га газарт тариалалт хийх боломжтойг тогтоож, 50 мянган Дорнодын мухар улаан үүлдрийн үхэр, 20 мянган барга хонь бордох мал аж ахуйн цогцолбор барих төлөвлөгөө гарч байжээ.
Халх гол чөлөөт бүсийн УИХ-ын тогтоол гаргахдаа судалгаа, үндэслэлгүй, орон нутгийн саналгүй гаргасан гэхийг няцаах дараах баримтууд баталж байна.
Дэлхийн зах зээл дээр үхрийн махны үнэ өссөөр байна. Өнөөдрийн байдлаар, БНХАУ-д үхрийн махны бөөний үнэ 1 кг нь 8.5 доллар буюу 17,000 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн таван жилд тус улсад үхрийн махны үнэ хоёр дахин өссөн байна. Үхрийн махны экспортоор дэлхийд тэргүүлдэг Бразил улс дэлхийн махны экспортын 20 хувийг буюу 1.2 сая.тн мах дангаар нийлүүлж, 5.7 тэрбум ам.доллар-ыг улсынхаа эдийн засагт нийлүүлж байна.
Монгол Улс 2014 оны байдлаар 1.5 сая долларын махны худалдааг бусад орнуудтай хийжээ. Энэ нь 21 мянган.тн мах гэсэн үг юм. Харин Халх гол чөлөөт бүс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн малын өвчингүй эрүүл бүс болсноор Зүүн бүсэд эдийн засгийн цонх бий болж тус бүсийн махны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 400 сая ам.долларын мах экспортлох боломж бүрдэж байна.
Ийм хэмжээний үйлдвэрлэл хийхэд хорио цээр, хяналтын дэглэм бүхий боловсруулах үйлдвэрлэлийн бүс шаардлагатай. Энэ бүс нь 500 мян га-ийн 5.2 хүртэлх хувь бөгөөд хаших талбай нь зөвхөн үүгээр хязгаарлагдах бөгөөд "Халх гол" чөлөөт бүсийн газарт оршин суугаа малчин, мал бүхий иргэдийг нүүлгэх шаардлагагүй юм. Түүнээс биш гадуур яриад байгаа шиг 500 мянган га газрыг тойруулаад тор татчихсан, хэн нэгнийг нэвтрүүлэхгүй байгаа асуудал биш юм.
"Халх гол" чөлөөт бүсийн хил хязгаарыг 500 мян.га-р тогтоож цаашид түүнийг хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр заасан байдаг. Мөн Засгийн газрын шийдвэрээр "Халх гол" чөлөөт бүсийг хөгжүүлэх хэд хэдэн чиглэлийг тодорхойлж өгсөн байдаг. Эдгээр баримт бичгүүдэд дурдсанаар чөлөөт бүсэд тариалан хийхдээ тэг технологийг мөрдүүлэхээр шийдвэрлэсэн.
Тус чөлөөт бүсийн талбайн 14.4 хувь буюу 72 мян.га-г эргэлтийн талбай болгоно. Тариалалт хийхдээ элдэншүүлэггүй буюу тэг технологи ашиглана. Энэ нь тариалангийн хамгийн дэвшилтэт, сүүлийн үеийн технологи бөгөөд энгийнээр тайлбарлавал газрын хөрсийг жил бүр эргүүлж буйгаас татгалзан газрыг зүсэж үр суулган буцаан хаадаг өөрөөр хэлбэл цахилгаан цахилгаандаж буй мэтээр тариалалт хийхийг хэлнэ. Халх голын үржил шим сайтай атлаа салхинаас хамаарч элэгдэх аюултай энэ бүс нутагт газрын хөрсийг эргүүлэхгүй, чийгийг нь хадгалах энэ технологи хамгийн тохиромжтой.
Олон улсын жишгээр чөлөөт бүс бий болгосон газарт дэд бүтэц хурдтай хөгждөг. Үүний адилаар "Халх гол" хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулагдсанаар тус бүс нутагт зам, төмөр зам, цахилгаан зэрэг дэд бүтцүүд хөгжинө. Эдгээр нь Төрөөс төмөр зам, авто зам, эрчим хүчний талаар бодлогод орсон байдаг. Тус чөлөөт бүсэд 197 км урттай 35 кв-ийн цахилгаан шугам татах ажил нь 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!