ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

ЗАСГИЙН ГАЗАР: Хаврын тариалалтад зориулан 20 мянган тонн үрийн улаан буудай нөөцлөнө

С.Бадрал, iKon.mn
2015 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

“Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна

“Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжээд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гэрээнд гарын үсэг зурах эрх олголоо.

 “Монголын алт” ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид уг төслийг “МАК Цемент” ХХК хэрэгжүүлэхээр гэрээний төсөлд тусгажээ. Төслийн компанийн хэрэгжүүлж буй Хөх цавын цемент-шохойн үйлдвэр жилдээ 900,000 тонн чулуунцар, РС 62.5, ОРС 52.5, ОРС 42.5 төрлийн  1,045,000 тонн цемент, 100,000 тонн барилгын болон металургийн сайн чанарын шатаасан шохой үйлдвэрлэнэ. Төсөл хэрэгжиж эхэлснээр татвар, хураамж хэлбэрээр улсад нийт 961.9 сая ам.доллар буюу жилд дунджаар 32.1 сая ам.доллар төвлөрүүлж, 500 орчим монгол иргэн ажлын байртай болно.

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт орууллаа

Засгийн газрын 2005 оны 139 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Тариалан эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам”-д “Өөрийн эзэмшлийн агуулах, цэвэрлэх, хатаах болон бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг иргэн, аж ахуйн нэгжид түр хугацаанд гэрээгээр ашиглуулж болно” гэсэн заалт нэмлээ.

Мөн хүнсний нөөц бүрдүүлэх, тарианы үр, улаан буудайн гадаад худалдааны үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор зохицуулах чиг үүргийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд хариуцуулахаар шийдвэрлэлээ. Нэг цонхны бодлогыг хэрэгжүүлснээр 2015-2016 онд хүн амын хэрэгцээний гурил үйлдвэрлэлд стандартын шаардлага хангасан хүнсний болон үрийн улаан буудайн нөөцийг дотоод, гадаад зах зээлээс бүрдүүлэх, гурилын үнийг тогтвортой байлгах эрх зүйн үндэс бүрдэнэ гэж үзэж байна. 

Хуулийн төсөл өргөн мэдүүлнэ

  Мексикийн Нэгдсэн Улсын Гудалахара хотноо 2010 оны 10 дугаар сард хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит их хурлаар хэлэлцэн баталсан “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт болон мөрдөгдөх техникийн стандарт, зөвлөмж боловсруулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм.

Дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллагад манай улс 1964 онд гишүүнээр элсчээ.

 “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын  Дүрэм, Конвенци”-ийг анх 1994 онд УИХ-аар батлууснаас хойш 1998, 2003 онд тус баримт бичигт орсон нэмэлт, өөрчлөлтийг батлуулж байжээ. Тус байгууллагын  дүрэмд заасны дагуу Үндсэн дүрэм, Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлаагүй гишүүн орнууд гишүүнчлэлийн эрхийг эдэлж, үүргийг гүйцэтгэх боломжгүй болох эрсдэлтэй байдаг байна.

Товч мэдээ

  • 2015 оны 10 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод зохион байгуулах “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 4 дүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцэн зөвшөөрлөө.
     
  • Улаанбаатар хотод 2015 оны 10 дугаар сарын 19-нд зохион байгуулах Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний зөвлөлдөх уулзалтад оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцээд зөвшөөрлөө.
     
  • 2015 оны 10 дугаар сарын 20-21-нд Жакарта хотод болох Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцэн зөвшөөрлөө.
     
  • УИХ-ын дарга З.Энхболдын 2015 оны 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
     
  • Бүгд Найрамдах Чех Улсын Парламентийн Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачекийн 2015 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 2-нд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайдад даалгалаа.
     
  • Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа 2015 оны ургац хураалтын ажлын явц, тариалангийн салбарт үүссэн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан 2016 оны хаврын тариалалтад зориулан дотоодын ургацаас 20 хүртэл мянган тонн үрийн улаан буудайн нөөц бүрдүүлэх, түүнийг худалдан авах хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.
     
  • “Бүтээн байгуулалтын лизингийн санхүүжилт” ХХК, “Үндэсний экспортын даатгал” ХХК-ийг тус тус Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэлээ.
     
  • Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан Зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг