Нийслэлчүүд аравдугаар сарын 01-нээс Хотын албан татварын тухай хуулийг дагаж мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн талаар нийслэлийн Татварын газрын дарга Б.Ганболдоос тодрууллаа.
-Нийслэлийн татвар авах хувь хэмжээ болоод, татвар ногдох бараа, үйлчилгээний талаар тодруулаач?
-“Нийслэл хотын албан татвар”-ын хувь хэмжээг, нэг хувь байх журмыг баталсан. Мөн нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах мэдээлэл хүлээн авах журмыг хэлэлцэж, баталсан. Ийнхүү “Нийслэл хотын албан татвар”-ын тухай хуулийн орчин бүрдэж албан ёсоор энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэллээ.
“Нийслэл хотын албан татвар”-ын хуулийн тухайд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан, баар болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас нэг хувийн татвар авна.
Үндсэндээ “Нийслэлийн албан татвар”-ын тухай хуульд заасан илүү хэрэгцээний архи, тамхиныхаа мөнгөн дүнгээс нэг хувийг нь хотын татварт тушаах юм. Ер нь бол хотын татвар төлөгч байх эсэх нь иргэдийн сонголт.
-Хуульд хотын албан татварыг яаж авна гэж заасан байгаа вэ?
-Нэр заасан бараа, үйлчилгээнд хотын албан татварыг ногдуулаад, төлбөрийн баримтыг худалдан авагч буюу татвар төлөгчид олгоно гэж заасан. Энэ нь татварыг баримтжуулах, талон олгох программд сууж өгч, НӨАТ-ын хуулийн хэрэгжилттэй уялдаж байгаа. Татвар суутгагчид иргэдэд үйлчилгээ үзүүлээд, төлбөрийн баримтаа кассын машинаараа дамжуулан өгнө.
Мөн тухайн бараа, үйлчилгээний үндсэн төлбөртөө хотын татварын нэг хувиа суутгаж, тооцон гаргасан дүнгээ төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй. Гэхдээ татвар суутгагчдад шинээр татварын дарамт ирэхгүй.
-Татвар ногдох бараа, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүд бүгд кассын машинтай болсон байх ёстой юм уу?
-Одоо ихэнх худалдааны төв, үйлчилгээний газрууд өөрсдөө кассын машинтай болсон байна. Томоохон захуудын тухайд лангуу бүрт кассын машин байна гэхээсээ илүү эхний ээлжинд дундаа кассын машинтай бол гэсэн шаардлагыг тавьсан. Программын хувьд угаасаа НӨАТ-ын урамшуулалд оролцох талонтай хамтатган шийдэж буй учир нэмэлт төлбөр шаардлагагүй.
Тэгээд ч эхний ээлжинд кассны машин байхгүй лангуунууд гар утас, таблетаар программд холбогдоод худалдаагаа хийх боломжтой. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг заавал 1.5-1.6 сая төгрөгийн кассын машинтай бол гэж шаардах шаардлага байхгүй.
-Согтууруулах ундаа, тамхи худалдаалдаг тҮц дэлгүүр болгон татвар суутгагч байх уу?
-Согтууруулах ундаа, тамхийг бусдад худалдах тодорхой стандартыг хангасан тусгай зөвшөөрөлтэй газрууд татвар суутгагчаар бүртгэгдсэн. Тиймээс архи зардаггүй хүнсний дэлгүүр, цайны газар ил далд байдлаар хүн хонуулдаг дэн буудал, амралтын газар, цэнгээний газар бүр татвар суутгагчид хамрагдахгүй гэсэн үг.
Монгол Улсад дээрх дөрвөн төрлөөр үйлчилгээ явуулах стандартыг хангасан, нийслэлээс үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг л татвар суутгагчаар тодорхойлсон. Харин зочид буудал дотор үйл ажиллагаа явуулдаг үсчин татвар төлнө. Өөрөөр хэлбэл, зочид буудлын стандартад дотор ордог, үйлчилгээ явуулдаг газрууд татвар төлнө.
-“Нийслэл хотын албан татвар”-аас бүрдсэн орлого юунд зарцуулагдах бол?
-Хотын албан татвараас бүрдсэн орлогыг хотын дэд бүтэц болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулахаар заасан байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!