Интернэтийн хэрэглээ асар хурдацтай өргөжин тэлхийн хэрээр гарах сөрөг үр дагавар, гэмт үйлдлүүд ч нэмэгдэж эхэлсэн. Үүний нэг нь ЦАХИМ ШУУДАНГИЙН луйвар, интернэт залилангийн хэрэг юм. Иймд энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжтэй байхыг Эрүүгийн Цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ард иргэддээ анхааруулж байна.
Манай улсын гадаад худалдаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж байгууллагууд харилцагч талаас ирсэн цахим шууданд төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээж авдаг ба тус шилжүүлгийг хийснээр цахим шуудангийн луйврын хохирогчид болдог. Иймээс энэ төрлийн цахим шууданг хүлээн авсан тохиолдолд үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух болон ирж буй и-мэйл хаягийн зөв бурууг нягталж шалгаж байх шаардлагатайг анхаараарах хэрэгтэй. Мөн санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг и-мэйл хаяг, фэйсбүүк болон өөрийн гар утсанд хүлээн авсан бол энэ үйлдэл нь интернэт луйврын гэмт хэрэг байж болзошгүй юм.
Сүүлийн үед гадаад улсын гэмт бүлэглэлүүдийн зүгээс тухайлбал Малайз, Сенегал, Англи, Филиппин улсуудаас үйлдэж буй интернэт луйврын гэмт хэрэгт манай улсын иргэд хохирох байдал гарах боллоо. Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн фэйсбүүк орчныг ашиглан үйлдэгдэж байгаа бөгөөд иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө өгөх, санамсаргүй байдлаар сугалааны эзнээр сонгогдох, өв залгамжлахад минь санхүүгийн туслалцаа үзүүлээч гэх зэрэг байдлаар харилцаа холбоо тогтоож итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор утсаар хэд хэдэн удаа холбогдох, цахим шуудангаар харилцах, сүүлийн тохиолдлуудад хуурамч батламж, гэрчилгээ, төлбөрийн карт зэргийг шуудангаар илгээж үүний дараа урьдчилгаа төлбөр, татвар зэрэг шалтгаанаар бага бус хэмжээний мөнгийг өөрсдийн дансанд шилжүүлэн авдаг болов.
Гэмт этгээдүүд банкны данс ашиглахаас гадна Western Union, Moneygram, Swift зэрэг олон улсын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг түгээмэл ашиглаж байна. Иймд ард иргэд интернэт орчинд үл таних гадаад иргэдтэй ямар нэгэн байдлаар харилцахгүй байх, банкны мэдээллээ солилцохгүй байх, хууран мэхлэх алива үйлдэлд автагдахгүй байхыг анхааруулж байна.
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|