ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад гарсан ой, хээрийн түймрийн тархалт ихэсч, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Онцгой Байдлын Ерөнхий газраас түймрийг унтраах ажиллагаанд оролцох аврах бүлгийг ОХУ руу илгээлээ.
-Аврагчдыг үдэх ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо-
Тус ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг хариуцагч, УОК-ын дарга бөгөөд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар оролцож, аврагчдад хандан, түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхдээ өөрсдийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг онцгой анхаарууллаа.
Засгийн газар хоорондын 1995 оны Үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 2.3 дахь заалтыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.
Мөн бие бүрэлдэхүүн сахилга батыг сайтар сахиж, үүргээ нэр төртэй биелүүлэн ирэхийг үүрэг болгов. ОХУ-ыг зорьж буй Монголын аврагчдын хувьд 2011 онд Япон улсад болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох ажиллагаа болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан туршлагатай.
ОБЕГ-ын Аврах тусгай анги нь Авто бааз, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 50 аврагчаас бүрдэж байгаа бөгөөд тус багийг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Агаар десантын 2 дугаар бүлгийн дарга, шүхрийн зааваралагч, онцгой байдлын ахлах дэслэгч Я.Сэргэлэн ахалж байгаа юм.
Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар Увс аймгийн Улаангом суманд гарсан түймрийг унтраахаар, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд гарсан түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. 2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 289 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн байгаа юм.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1995 оны Үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 2.3 дахь заалтыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!