-Жолоочийн зөрчлийн онооны хэрэгжилт 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ-
Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай хуульд шинэ заалтууд нэмэгдэж орсоны нэг нь ЖОЛООЧИЙН ЗӨРЧЛИЙН ОНОО юм. Энэхүү оноо нь яг ямар учиртай болохыг ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Я.Соронзонболдоос тодрууллаа.
-Жолоочийн зөрчлийн оноо гэж чухам яг юуг хэлээд байна вэ?
-Ирэх сарын 1-нээс хэрэгжих хуулинд жолооч ЗӨРЧЛИЙН ОНООТОЙ болно гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, жолооч бүр биет бус 10 оноотой болно гэсэн үг. Ингээд зам тээврийн ямарваа нэгэн зөрчил гаргах үед 10 онооноос нь хасагдаад явна.
-Мэдээж тухайн жолоочийн гаргасан зөрчлөөс хамаарч онооны дүн өөр, өөр байх. Хамгийн багадаа бас ихдээ хэдэн оноо хасах уу?
-Зөрчлөөс хамаарч 1-5 оноо хасна.
-Тэгэхээр 10 оноо маань хэзээ ч дуусаж болох юм байна. Эсвэл тодорхой хугацаатай юу?
-Зөрчлийн оноонд хугацаа гэж байхгүй. Зөрчил гаргаад байвал мэдээж дуусна, гаргахгүй бол 10 оноо хэвээрэй л байна.
-Жолоочийн 10 оноо дуусвал яах вэ?
-Дуусгавар болох юм бол жолооны эрхгүй болж, дахин жолооны шалгалт өгнө.
-Зөрчил гаргах бүрт 10 онооноос хасагдах юм байна. Тэгвэл зөрчил гаргахгүй эсвэл нэг удаа гаргаад дахин гаргахгүй бол тухайн жолоочийг урамшуулах систем бий юу?
-Мэдээж зөрчил гаргахгүй бол 10 оноо нь хэвээрэй байна. Харин зөрчил гаргаад түүнээс хойш хоёр жилийн хугацаанд дахин зөрчил гаргахгүй бол хамгийн сүүлд хасуулсан зөрчлийн оноог нь буцаан шилжүүлнэ
-Жолооч зөрчлийн оноогоо хянах боломж бий юу?
-Боломжтой. Торгууль.мн рүү ороод торгуулиа хардаг шиг зөрчлийн оноогоо хянаад байх боломжийг гаргаж өгнө. Тухайлбал, тусгай дугаарт мессеж илгээх, ухаалаг утсандаа апп суулгах гэх мэт.
-Яг ямар зөрчил гаргавал оноо хасагдах вэ?
-Жишээ дурдая. Зам тээврийн осол дээр шууд 5 оноо /буруутай жолоочид/ хасагдана. Мөн,
-Зөрчлийн онооны заалтыг яагаад хуулинд тусгах болов оо?
-Дэлхийн олон оронд ийм жишиг байдаг юм байна. Манай улсын замын хөдөлгөөний дүрэмд энэ оноо байхгүй болохоор жолооч нар торгууль төлөөд л яваад байдаг. Хэд л бол хэд торгуулдаг. Зөрчлийн оноог бий болгосноор зөрчлийн тоог багасгах зорилготой. Учир нь зөрчил гэдэг маань цаанаа зам тээврийн осол гарах үндэс болдог. Үүнийг л таслан зогсоох зорилготой юм.
Зарим хүмүүс нэг зүйлийг буруу ойлгоод байна. Энэ нь тухайн жолооч торгуулах юм уу, зөрчлийн оноогоо хасуулах хоёрын аль нэгийг нь сонгох байх гэж. Тэгэхээр тухайн зөрчил гаргагч дээр хуулийн дагуу ногдох торгууль тавигдахаас гадна давхар зөрчлийн оноо нь хасагдаад явна гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!