Уншиж байна ...

"Насанд хүрэгчид нь өөрсдөө морио унаж, эдлэхгүй мөртлөө яагаад хүүхдээр унуулах гэж чичрээд байдаг юм бэ?"

П.Сайнжаргал, IKON.MN
7 цаг 42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Уяачид хэрхэн улс төрд зүй бусаар нөлөөлдөг” талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Хүүхдээр хурдан морь унуулахын оронд насанд хүрэгчид яагаад өөрсдөө морио унаж, өв соёлоо дэлгэрүүлэхгүй байгаа юм бэ? Үүнд тодорхой гарц шийдэл бий. 

Хаврын морин уралдааны богино зайд насанд хүрэгчид өөрсдөө оролцож энэ асуудлаа шийдэж болно. Нөгөө талаар морин соёл, өв уламжлалаа хэн хамгийн их үгүй хийж байгаагаа томчууд өөрсдөө эргэж харах хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хэлж байлаа. 

Энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ "Хаврын морин уралдаан бидний уламжлал биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

2004 оноос хойш хаврын уралдааныг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 15-хан жилийн түүхтэй гэсэн үг. Гэтэл арав гаруйхан жилийн түүхтэй хаврын уралдааныг яагаад өнөөдөр өв соёл гэтлээ андуурах хэмжээнд хүрэв. Үүнд улс төрчид буруутай гэж хэлнэ.

Дээр дурдсанчлан 2004 оноос хойш энэ уралдаан Засгийн газрын тогтоолтой албан ёсоор зохион байгуулагддаг болсон. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан уралдаанд уяачид оролцвол цол тэмдгийг нь олгодог хуультай болсон. Энэ үеэс хойш бүгдээрээ хууль ёсны дагуу хүүхдийн эрхийг зөрчиж эхэлсэн гэсэн үг.

Улмаар 2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд "Есдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хүүхдээр хурдан морь унуулж, уралдаан зохион байгуулахгүй.

Сунгаа тэмцээн, бэлтгэл ажлыг ч зохион байгуулахгүй" гэдэг тогтоол гаргасан. 

Хэдийгээр ийм тогтоолоор хоёр удаагийн том шүүхийн шийдвэр гарсан боловч орон нутгууд хууль зөрчсөн хэвээр. Өнгөрсөн жилийн зургаадугаар сард сонгууль зохион байгуулсан.

Орон нутгийн уяачид, нэр нөлөө бүхий мөнгөтэй хэсэг бүлэг нөхөд улс төрчдөд хамгийн түрүүнд хэлдэг зүйл нь “Хэрвээ энэ сонгуульд та нар ялъя гэж бодож байвал хаврын уралдааныг сэргээ. Хөдөө орон нутгийн залуусын саналыг авъя гэж бодож байвал хаврын уралдааныг сэргээ" гэх ятгалгыг хүчтэй хийдэг байсан" гэлээ. 

"Уяачдын лобби улс төрд асар хүчтэй явдгийн хэд хэдэн тод жишээ бий"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Өнгөрсөн цагаан сараар Ерөнхий сайд алдарт уяач нартай суугаад нэвтрүүлэг хийсэн байдаг. Тэр нэвтрүүлгээр мөн л хаврын уралдааныг сөхөж гаргасан.

Уяачдын лобби улс төрд асар хүчтэй явдгийн тод жишээ болж чадна. Яг одоогийн байдлаар "Монголын морин спорт уяачдын холбоо"-ны зүгээс Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхий сайд болон бусад холбогдох албан тушаалтнуудад хаврын морин уралдааныг сэргээх талаар хүсэлтээ өгчээ. Энэ хүсэлтэд Засгийн газар “Үгүй” гэдэг хариуг өгөөсэй гэж бодож байна.

Яагаад жил бүр энэ асуудлыг сөхөж гаргаж ирж, орон нутгуудад хүлээлт үүсгэдэг юм бэ? Үүний цаана асар олон уяач байгаа мэт боловч цөөн хэдэн мөнгөтэй хүний асуудал. Дээрээс нь малын эмийн бизнес, тэжээлийн асуудал бий. Хэдхэн хүний мөнгөний сүлжээ цаана нь байдгийг орон нутгийнхан хамгийн сайн мэдэж байгаа.

Энэ асуудалд шүүх, Засгийн газар 2019 онд цэг тавьсан. Дахин үүнийг сөхөх гэсэн оролдлогуудад бүгдэд нь “үгүй” гэж зоригтой хэлье.

Сонгуулийн бус үед ч уяачид улс төрчдөд нөлөөлөх оролдлогыг хүчтэй хийдэг юм байна. Санаж байгаа бол "Монголын морин спорт, уяачдын холбоо"-ны их хурал Төрийн ордонд боллоо. Жишээ нь АН-ын Б.Пүрэвдорж дарга маш өндөр үүрэгтэй оролцсон.

Улс төр, сонгуулийн зорилгоор уяачдыг, орон нутгийн иргэдийг ашигладаг сүлжээгээ болгож хувиргасан. Тиймээс асуудалд нухацтай хандах ёстой" гэв. 

"Илэрхий хүүхдийн эрхийн зөрчил дээр ард түмнийг битгий талцуулаач"

Мөн "Өнөөдөр насанд хүрэгчид нь өөрсдөө яагаад морио унаж эдлэхгүй байгаа юм бэ?, Яагаад малдаа мотоциклтой явдаг болсон юм бэ?

Тэгсэн хэрнээ хүүхдээр морь унуулах гээд бүгдээрээ яагаад чичрээд байгаа юм. Үүнд хариуцлагатай хандах хэрэгтэй. Үнэхээр өв соёлдоо хайртай бол өдөр тутмынхаа хэрэглээнд морио унаж хэвшдэг байх ёстой.

Нөгөө талаар хот суурин газрын залуус үндэсний өв уламжлал, соёлоо шингээсэн зан үйлүүдийг дэлгэрүүлэх ёстой. Наад зах нь үндэсний хувцсаа өмсөж, эдлэхээс эхэлнэ.

Амралтын өдрийн жагсаалаас харсан байх. Насанд хүрэгчид өөрсдөө морио унаад маш олон зүйлийг хийж болох юм байна. 

Хүүхдээр морь унуулах явдлаас илүүтэй насанд хүрэгчид өөрсдөө морио унасан “Адуучин тэмцээн”, “Уурга”, “Азарга булгиулах” ч гэдэг юм уу өв уламжлалаа хадгалсан тоглоом наадгайгаа дэлгэрүүл. Энэ аргуудаа яагаад хэрэглэхгүй байна вэ?

Уралдаан тэмцээн ганцхан өдрийн үйл явдал биш гэдгийг бүгдээрээ сайн мэдэж байгаа. Олон өдрийн бэлтгэл, сунгаа байдаг. Үүний цаана дандаа хүүхдүүд хохирдог.

Хүүхдийн сурч боловсрох эрх хөндөгдөж байдаг. Буцааж хариу хэлэхдээ "Хүүхдүүд өөрсдөө дуртай учраас", "Хүүхэд моринд хайртай учраас унадаг" гэх тайлбарыг томчууд нь ичихгүй хэлдэг.

Амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдээр ичихгүй боолын хөдөлмөр эрхлүүлдэг. Үүнийгээ бүгд мэддэг. Гэвч хүүхдийг асардаг, халамжилдаг гэж тайлбарлана. 

Илэрхий хүүхдийн эрхийн зөрчил дээр ард түмнийг битгий талцуулаач. Хүн болгон өв соёл уламжлалдаа хайртай. Гэхдээ бид нар ахиц дэвшил гаргамаар байна" гэж УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ярилаа.