Уншиж байна ...

Ч.Төгсдэлгэр: Шарга морьтод сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуулна

Д.Янжиндулам, ikon.mn
7 цаг 53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар сонсож байна. Энэ үеэр явган болон дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хөв цөөрөм, зуслангийн бүсийг хэрхэн өөрчлөх талаар төлөвлөгөөнд тусгасан болохыг төлөөлөгчид хөндөж, хотын ерөнхий архитектор болон албаныхнаас мэдээлэл авсан юм.

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр: 2040 он хүртэл зуслангийн бүс буюу Шарга морьтыг Улаанбаатарын дагуул хот болгохоор төлөвлөсөн. Сургууль цэцэрлэг, эмнэлэг байгуулна. Үүний эхлэл нь Сэлбэ дэд төв болно.

20 минутын хот нь явган болон дугуйн замаар явж нийгмийн үйлчилгээг авах концепцтой. Нэг болон хоёрдугаар зэргийн авто замын стандартаар явган хүний замыг тавихаар төлөвлөсөн. Улаанбаатар хот одоо 584 км явган замтай бол 2040 онд 1,677 км болгож, байгалийн чулуун зам тавина.

Нийслэлийн дүүргүүдийн гарааш буулгасан газар дээр ногоон байгууламжийг хийх боломжтой гэж төлөвлөж байгаа. Газрын хэмжээнээс шалтгаалж гарааштай байх уу, цэцэрлэгт хүрээлэнг дангаар нь байгуулах эсэхийг шийднэ.

НИТХ-ын төлөөлөгч, УСУГ-ын дарга Ц.Төрхүү: Одоогийн байдлаар Санзай дахь Багабаянгийн аманд цөөрөмтэй болгосон. Гачуурт зэрэг гурван байршилд цөөрөм байгуулна. Туул голын эхэнд цөөрөм байгуулахаар төлөвлөсөн.

Нийслэлийн есөн дүүрэг тус бүрд хэчнээн километр явган хүний болон дугуйн зам байгуулахыг төлөвлөгөөнд тодорхой болгох саналыг төлөөлөгчдийн зүгээс хэлж байв.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн танилцуулга
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай
  • Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
  • “Дун-Өргөө” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай
  • Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журам, заавар батлах тухай
  • Хотын стандарт батлах тухай
  • Зорчигч тээврийн үйлчилгээний бүлэгт хамаарах хотын стандартад нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох тухай
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай
  • “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай
  • “Агро-сити”, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийг томилох асуудлын танилцуулга
  • Жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр нийслэлийн хэмжээнд 2024 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан
  • Ой тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох тухай (Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул)
  • Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай
  • Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах тухай
  • Гудамж нэршүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.