Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцлээ. Уг төслийг нэгдүгээр сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн барьсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Энэ гэрээнээс ирэх үр өгөөжийн талаар иргэдэд өгч болох хэмжээнд мэдээлэл өгөөрэй. Манай Засгийн газрын гишүүд хэн нэг бүлэг этгээдийн пиарийг битгий хийгээсэй, хийж байгаа нэвтрүүлэгт нь битгий оролцоосой хүсэж байна. Энэ төслийг гацаасан зарим хүн ардын баатар мэтээр пиар явуулаад эхэллээ. Тийм зүйлд Засгийн газрын гишүүд болон хариуцлагатай алба хашиж байсан хүмүүс оролцож болохгүй шүү. Сүүлдээ хэн нь эдийн засгийн боломжийг алдагдуулсныг мартах хүртэл заваан, үзэл суртлын юм явуулж байна.
Тэр этгээдүүд улс төрийн захиалгаар зарим залуу гишүүнийг “будаа” болгож байгаа. Тэдний нэг нь би. Гэхдээ тэднээс айж хулгаад байх юм алга.
Сайд нар энд зарчим ярьчхаад тэнд очиж Монгол Улсыг хорлосон хүмүүстэй зэрэгцэж суумааргүй байна. Тэдгээр хүмүүс бараг монголын аврагч болсон мэтээр ярьж байна. Монголын хөгжлийг бараг 30 жилээр хойш татсан хүмүүсийг ардын баатар мэтээр кино хийгээд байгаад харамсаж байна.
Сүүлийн үед итгэл найдвар багасаад байна. Ураны төслийг зогсоож, авлига авсан хүн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт газрын дарга хийж ч байх шиг. Маш олон асуудалд орооцолдсон хүн Эрдэнэс Тавантолгойд Бүтээмж, хяналтын газрын захирал болчихсон ч байх шиг.
Ардчилсан Нам, ХҮН намтай хамтарч болно. Гэхдээ зарим зүйл дээр зарчимтай байгаарай Ц.Туваан сайд аа. Удаа дараа янз бүрийн асуудалд орооцолдсон хүмүүс чинь мега төслүүд дээр албан тушаал хашаад байна. Нэрийг нь хэлье. Д.Үүрийнтуяа, Н.Пунцаг мэтээр энэ төслүүдийг удирдуулж, хянуулна гэж байхгүй шүү" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!