Уншиж байна ...

Хятадын хиймэл оюуны стартап АНУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээг $1 их наядаар унагалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хятадын хиймэл оюун хөгжүүлэлтийн стартап компанийн танилцуулсан DeepSeek чатбот өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийг доргиолоо.

Америкийн компаниудын ижил төрлийн системүүдтэй харьцуулахад нэлээд хямд үнэ өртөгтэй энэ бүтээгдэхүүн тэр дороо зах зээлийг байлдан дагуулж, Apple App store дэлгүүрийн төлбөргүй аппликэйшнүүдийг таталтын тоогоороо тэргүүлэх болсон юм.

DeepSeek-ийн амжилтад цочирдсон хөрөнгө оруулагчид өчигдөр бусад хиймэл оюуны технологийн компаниудын хувьцааг зарснаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ $1 их наядаар унажээ.

Тухайлбал S&P 500 индекс 1.5 хувь, Nasdaq Composite индекс 3 илүү хувийн уналттай Даваа гарагийн арилжааг хаасан байна.

Хиймэл оюуны тархи болсон чипийг үйлдвэрлэдэг Nvidia компанийн хувьцааны ханш 17 хувиар унажээ. Нэг өдрийн дотор тус компанийн зах зээлийн үнэлгээ $589 тэрбумаар унасан нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд бичигдэх хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

Үүний улмаас Nvidia дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн титмээ Apple компанид алджээ.

Broadcom, TSMC зэрэг бусад чип үйлдвэрлэгчдийн хувьцаа тус тус 17 ба 13 хувиар унасан байна.

Цахиурын Хөндийн алдартай хөрөнгө оруулагчдын нэг Марк Андриссен хиймэл оюуны салбарын “хамгийн гайхалтай, хамгийн сэтгэл хөдөлгөм нээлтүүдийн нэг” гэж DeepSeek-ийг магтжээ.

ChatGPT зэрэг Америкийн компаниудын ижил төстэй бүтээгдэхүүнүүд олон тэрбумын хөрөнгө оруулалтаар боссон бол DeepSeek-ийг ердөө $6 саяар бүтээсэн нь мэргэжилтнүүдийг гайхшируулж байна.

Бүтээгдэхүүнтэйгээ ижил нэртэй DeepSeek компани Хятадын зүүн өмнөд бүсийн Ханьжоу хотод 2023 оны долдугаар сард үүсгэн байгуулагджээ.

Харин чатбот нь энэ оны нэгдүгээр сарын 10-нд АНУ-ын зах зээлд нэвтэрсэн юм байна. Өнгөрсөн хэдхэн хоногийн дотор DeepSeek зах зээлийг маш хурдтай байлдан дагуулсныг өчигдөр ил болсон тоо баримт харуулжээ.

DeepSeek-ийг үүсгэн байгуулагч нь Хятадын 40 настай хөрөнгө оруулагч Лян Вэньфэн юм байна.

Мэдээллийн технологи, электроникийн инженер мэргэжилтэй тэрбээр одоо Хятадад нийлүүлэхийг нь хориглосон Nvidia компанийн A100 чип болон бусад импортын хоригт ороогүй хямд чипүүд дээр тулгуурлан DeepSeek-ийг хөгжүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Одоогоор DeepSeek аппликэйшнийг Apple App Store болон тус компанийн вэб сайтаас татах боломжтой байгаа юм.

 

Эх сурвалж: BBC