Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн өнөөдрийн хурлаар автомашины зогсоол, автобусны буудал, сургуулийн гадаад, дотоод засал, ундны ус, оршуулгын газар, үер усны байгууламж зэрэг хотын долоон стандартыг баталлаа.
Энэ үеэр төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар авто зогсоолын асуудлыг хөндөж "Хотын авто зогсоолыг стандарттай болгох хүрээнд хувийн хэвшлийнхний хийж байгаа бизнес рүү төр халдаж байна гэх гомдол иргэдээс ирж, жагсаал цуглаан зохион байгуулах хэмжээнд хүрчээ. Авто зогсоолыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр стандарттай болгох сонгон шалгаруулалт явагдаж "Моннис" гэж компани орсон юм байна. Ингэснээр 40 байршлын 2,147 авто зогсоол мөн 578 авто зогсоолыг бүрэн цахимжуулах ажлын хүрээнд хяналтын камер, цахилгаан машин цэнэглэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах юм байна. Тус компани 14-15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатарын авто зогсоолыг цахимжуулж, нэгдсэн стандарттай болгох мэдээлэл ирсэн. Гэтэл нийслэлтэй гэрээ байгуулж, авто зогсоолыг нэг, нэгээр нь стандартыг хангаж, түрээсэлж орлого олдог хувийн компаниудын эрх ашиг зөрчигдөж, бизнес зогсож байна гэж ойлгож болно. Энэ асуудлаар Амгалан даргаас хариулт авъя" гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан: НИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 159 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төслийг баталсан.
Тогтоолын дагуу 2023 онд Нийслэлийн Засаг дарга А/165 дугаар захирамж гаргаж, зогсоолын менежментийг сайжруулах төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарласан байна. Энэхүү сонгон шалгаруулалтад мөн оны зургаадугаар сард "Моннис" компани шалгарч, нийслэлтэй гэрээ байгуулсан юм билээ. 2023 оны зургаадугаар сараас хойш түншлэлээр хэрэгжүүлэх төсөл хийгдээгүй. Учир нь тухайн байршлыг ААН, иргэд түрээсэлж, авто зогсоолын үйл ажиллагааг төлбөртэйгөөр явуулж байгаа юм.
Төр сонгон шалгаруулалт зарлаж, хувийн хэвшилтэй гэрээ байгуулсан бол гэрээний үүргийг биелүүлж, ААН, байгууллагыг хохироохгүй байхад анхаарч ажиллах хэрэгтэй болчхоод байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!