Мэргэжлийн сүмо бөхийн Нэгдүгээр сарын тэмцээнд 12 даваа, гурван унаагаар тэргүүлсэн озеки Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр Танцүнам дэвжээний багшийн хамт хэвлэлийн хуралд оролцлоо.
Тэрбээр "Түрүүлэхийн тулд бүхнээ зориуллаа. Одоо ч итгэж чадахгүй байна. Озеки цолтой анх удаа түрүүлээд сэтгэл хөөрлөө" гэж ярьжээ. Хэвлэлийн бага хуралд товлосон цагаасаа 10 минут хоцорч ирсэн Хошорюү "Их ядарсан тул унтчихсан байна. Хэвлэлийн хурал зарлаагүй байсан бол өдөржин унтах байлаа" гэв.
Түүнээс сэтгүүлчид авга ах Асашорюүтой ижил цолтой болоход ойрхон байгаа талаар сэтгэгдлийг нь сонсоход "Хүүхэд байхаасаа ахынхаа барилдааныг үзэж өссөн. Тиймээс сэтгэл догдлон хүлээж байна" гэсэн юм.
Хошорюүгийн хувьд энэ сарын башёд түрүүлснээр Макүүчид хоёр дахь, Монгол бөхчүүдээс 103 дахь удаагаа Эзэн хааны цомыг хүртсэн юм.
Сонирхуулахад Хошорюүгийн авга ах Асашорюү Д.Дагвадорж мэргэлжлийн сүмо бөхийн 68 дахь их аваргаар тодорч байсан бол түүнээс хойш Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын монгол аваргууд дараалан мэндэлсэн. 72 дахь ёкозүнагаар Кисеносато тодорч, япончуудыг баярлуулж байв.
Тэгвэл 73 дахь ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2021 онд их аварга болсноосоо хойш дөрвөн жил ганцаараа энэ цолыг авч явсан юм.
Өнөөдөр Ёкозүнагийн Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл Хошорюү С.Бямбасүрэн 74 дэх ёкозүна болох юм. Чансааг албан ёсоор энэ сарын 29-нд Удирдах зөвлөлийн хурлаар танилцуулах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!