Уншиж байна ...

Шинэ Зеланд улс “дижитал нүүдэлчид”-ийг татах зорилгоор визийн журмаа шинэчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 11 цаг 10 минут
iKon.MN
Зураг зураг

Газарзүйн байрлал харгалзалгүй зайнаас ажлаа хийх боломжтой жуулчдыг татах зорилгоор Шинэ Зеланд улс визийн бодлогоо хөнгөвчлөх арга хэмжээ авчээ.

Шинэ журмын дагуу гадаадын компанийн ажилтнуудад 90 хүртэл хоног амрангаа ажиллах боломж олгохоор болсон байна.

Энэ хугацаа дууссаны дараа оршин суугчийн татвар төлөөд үргэлжлүүлэх боломжтой ажээ.

“Энэхүү өөрчлөлт нь жуулчдад урт хугацаагаар манай улсад оршин суух боломж олгох юм. Энэ хэрээрээ манай улсад зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ” гэж Шинэ Зеландын цагаачлалын яамны сайд Эрика Стэнфорд хэлсэн байна.

Одоогоор Шинэ Зеланд улсад эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа. Ялангуяа аялал жуулчлалын салбар нь цар тахлын уналтын дараа сэргэж амжаагүй байна.

“Бид Шинэ Зеландад бүх төрлийн жуулчдыг хүлээж авахад бэлэн байна. Энэ удаа манай нутаг дэвсгэрт дижитал нүүдэлчин хэлбэрээр ажиллах, амрах боломжтой жуулчдад чиглэсэн арга хэмжээг авлаа” гэж Стэнфорд ярьжээ.

Гадаадын компанид ажилладаг нь баталгаажсан хүмүүст дижитал нүүдэлчний визийн журам хамаарах юм байна. Харин Шинэ Зеландад ажил хөдөлмөр эрхлэх зорилготой хүмүүс ердийн журмаар виз авах ёстой ажээ.

Тус улсын эдийн засгийн хөгжлийн сайд Никола Уиллис “Үүнийг бид дэлхийн хэмжээний том компаниудын өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг татах боломж гэж харж байна. Тэд Шинэ Зеландын ажлын байрыг булаацалдахгүй хүмүүс байх ёстой” гэж хэлсэн байна.

Цар тахлын өмнө аялал жуулчлал нь Шинэ Зеландын эдийн засагт $22 тэрбумын орлого оруулдаг, экспортын хамгийн том салбар байсан юм.

Одоо эрх баригчид энэ түвшинд буцаан сэргээхээр ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орон “дижитал нүүдэлчин” төрлийн жуулчдыг татах визийн тусгай бодлого зарлах болсон.

Амарч, аялангаа ажлаа хийх энэ хандлага бүр 2010-аад оноос залуу үеийнхний дунд бий болж эхэлсэн юм.

Одоогоор Япон, Өмнөд Солонгос, Бразил, Испани, Португал зэрэг улсууд “дижитал нүүдэлчид”-эд зориулсан визийн хөтөлбөр зарлаад байна.

Гэхдээ ийм бодлого бас нийгэмд сөрөг нөлөө үзүүлж буй талаар яригдах болсон байна.

Тухайлбал Өмнөд Африкийн Кэйп Таун хотод ийм жуулчид олноор ирснээр амьжиргааны зардал өссөнийг оршин суугчид нь шүүмжлэх болжээ.

 

Эх сурвалж: BBC