НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох төслийг шинэчлэн боловсруулахаар танилцуулж байна.
Багануур, Багахангай дүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлснээр хууль бус такси үйлчилгээ эрхлэгч иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоож, алслагдсан дүүргүүдэд нийтийн тээврийн албан ёсны үйлчилгээг нэвтрүүлэх юм.
Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал хүртэлх нийтийн тээврийн үйлчилгээг 2021-2023 он хүртэл эхлүүлсэн боловч зорчигчийн урсгал бага, ашиглалтын зардал өндөр, зардлын санхүүжилт шийдэгдээгүйн улмаас зогссон.
Улмаар 2024 оны гуравдугаар сарын 19-нд "Чингис хаан" олон улсын нисэх буудлын удирдлагуудтай ЗТХЯ, ТЦА, НАЖГ-ын удирдлагууд уулзалт хийж, нийслэлийн төсөвт зардлын санхүүжилтийг төсөвт тусгаж, 2024 оны дөрөвдүгээр сард багтаан үйлчилгээг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу чиглэлийн төлөвлөлтийг хоёр хувааж, тарифыг боловсрууллаа.
Улаанбаатар-Багахангай дүүрэг чиглэлд "Хийморийн зам" ХХК нэг тээврийн хэрэгслээр үйлчилгээг үзүүлж байгаад тээврийн хэрэгсэл нь шаардлага хангахгүйгээс 2023 оны аравдугаар сард гэрээг цуцалж, үйлчилгээг зогсоосон. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналыг үндэслэж Дүнжингарав худалдааны төвөө буцаж эргүүлэн том хүн 8,000, хүүхэд 4,000 төгрөгөөр зорчих төслийг танилцуулж байна.
Багануур дүүрэг чиглэлд "Юнайтед Бра" компани их багтаамжийн автобусаар иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Тус чиглэлд автобусаар зорчих тарифыг том хүн 10,000, хүүхэд 5,000, буухиа автобусныхыг том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр тогтоох саналыг боловсрууллаа.
Улаанбаатар хотын хөгжлийг тэлэх бодлогын хүрээнд алслагдсан дүүрэгт амьдарч буй иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний үнийг нэмэгдүүлэхгүй байхаар тооцлоо" гэж танилцуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!