Уншиж байна ...

Балтийн тэнгист хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүйг хөлгийг Шведийн эрх баригчид саатуулжээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 10 цаг 40 минут
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Швед, Латви улсуудыг Балтийн тэнгисийн усан доогуур холбодог шилэн кабел гаднын хүчний нөлөөгөөр гэмтсэн тухай эх сурвалжууд мэдээлж байв.

Тэгвэл уг кабелыг санаатай гэмтээх “хорлон сүйтгэх ажиллагаа” явуулсан байж болзошгүй Мальт улсын далбаатай хөлгийг Шведийн эрх баригчид саатуулан шалгаж байгаагаа өчигдөр мэдээлжээ.

“Манай албаны хүмүүс шалгалт явуулахаар тус хөлөг дээр гарсныг бид баталж байна” гэж Шведийн Аюулаас Хамгаалах Газрын хэвлэлийн төлөөлөгч Йохан Викстром хэлсэн байна.

Ням гарагт кабел гэмтсэн Шведийн харьяаллын тэнгисийн усанд НАТО-гийн эргүүлийн хөлгүүд очжээ.

Үүний дараа Шведийн эрх баригчид сэжиглэгдэж буй хөлгийг саатуулах шийдвэр гаргаж, “Vezhen” нэртэй ачааны хөлгийг Шведийн эргийн хамгаалалтын хөлөг замчлан хамгийн ойр боомтын зогсоолд хүргэжээ.

“Vezhen” хөлөг Болгарын Navigation Maritime Bulgare компанид харьяалагддаг юм байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Александр Калчев тухайн үед тэнгист “хүчтэй салхи гарсны улмаас зангуу унаж, кабелийг гэмтээсэн байх, ямар нэг хорлон сүйтгэх санаа агуулаагүй” гэж тайлбарлажээ.

Өнгөрсөн сард Финланд, Эстони улсуудыг холбосон цахилгаан эрчим хүчний болон харилцаа холбооны кабел шугамууд тасарсны дараа Оросын газрын тосыг тээвэрлэж явсан ачааны хөлгийг саатуулж байв.

Уг хөлөг тэнгисийн ёроолд байрлах кабелуудыг таслах зорилгоор зангуугаа чирч явсан нь шалгалтын явцад тогтоогдсон юм.

Украины дайн эхэлснээс хойш Балтийн тэнгист ийм гэмтэл саатал олон удаа гарах болсон. Финланд-Эстонийн кабел гэмтсэний дараа НАТО-ийн хөлгүүд Балтийн тэнгисийн дэд бүтцийн аюулгүй байдлыг хянадаг болсон юм.

Сүүлийн гэмтлийн дараа Эстони улсын гадаад хэргийн сайд Маргус Цахкна “Балтийн тэнгисийн усан доорх дэд бүтцийг гэмтээх явдал дараалан гарч байгааг би санамсаргүй тохиолдол гэж бодохгүй байна” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters